2014 ДОРНЫН ТАЛААС ХАНГАЙН УУЛС ХҮРТЭЛ ЦУУРАЙТСАН ХОНХНЫ ДУУ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

ДОРНЫН ТАЛААС ХАНГАЙН УУЛС ХҮРТЭЛ ЦУУРАЙТСАН ХОНХНЫ ДУУ

2019-09-30 09:14:37 | 54 | 0


“Ардчилал ба социализм хоёр ганцхан зүйлээр ижилсдэг нь тэгш байдал. Гэхдээ ардчилал нь эрх чөлөөг тэгшитгэдэг бол социализм нь дарангуйлал боолчлолыг тэгшилдэг”хэмээн нэгэн суутан хэлсэн байдаг.Ардчилсан нийгмийн  талаар ярихын тул эхлээд Социализмыг  ярих хэрэгтэй. Социализмыг ойлгохын тулд  тэр үеийн кино уран бүтээл сонирхож үзвэл илүү дөхөм юм.  Тунгалаг тамир долгилон мяралзан урссаар... Үеийн үед тамирын хөндийд түг түмэн хүний зовлон жаргал үргэлжилж төр үймж, хуучин нь мөхөн шинэ  үе тогтон бойжсоор ирлээ... Энэ бол Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы хэсэг. Социализмын үеийн нэгээхэн хэсгийг   Тамирын голынхны нутаг дэвсгэр дээр төвлөрүүлэн үзүүлсэн зохиол.   Мөн социализмын талаар харуулах нэгэн бүтээлийг дурдахад  “Шинэ халатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэлгээрэй”. Энэ киног хүн бүхэн санаж байгаа байх. Тиймээ  энэ бол социализмын үеийн Монголын сод биш юмаа гэхэд чадварлаг бүтээлүүдийн нэг болох “Ховор хүмүүс” кино.  Хотоос хөдөөний нэгдэлд илгээлтээр ирж буй залуу хархүү, тэрхүү хөвгүүнийг “гэмгүй харах” нэгдлийн нарийн бичиг охин, ажилдаа явцгүйн гайгаар аварга малчингүй нэгдлийн дарга хэмээн бусдаар шүүмжлүүлээд түүндээ мотивацилагдан аваргатай болох хүсэл төрж, тэр нь бараг эмгэг дон шахуу болоод, хандаа мэдэлцэж ядаж буй хоёр залуугийн дундуур Хорлоо аварга хэмээх өөрийнх нь ирээдүйн бэр дүү болох зураг төөрөгтэй өөр нэгдлийн аварга бүсгүйг хулгайлан урвуулах санаагаар зүтгүүлэн бүгдийг нь самарчих шахан хөглөж буй Сэрээнэн дарга, Түүний эсрэгээр зарчимч буурьтай зоотехникч, их л албархуу байдлаар хотоос ирсэн боловч нэгдлийн даргын аваргад зүтгүүлж буй Дүүриймаа бүсгүйг хараад Сэрээнэн даргын голыг харлуулан богтлон авч одож буй төлөөлөгч эрхэм... гээд яриад байвал барагдахгүй олон зүйлс энэ кинон дээр гарна. Уг кино нь социализмын үеийн хөдөөгийн буйдхан нэгдэлд, гаднаас нь харахад уйтгартай ч дотроо бөөн адал явдлаар сүлэлдэх амьдралыг харуулна. “Өө төлөөлөгч биш хотоос ирсэн нэг муу илгээлтийн хархүү байна. Шинэ халатаа тайлцгаа, Ширээний бүтээлгээ хураацгаагаарай гэдэг нь тэр үеийн өнгө төрх, аж байдлыг нэг талаараа илтгэн харуулах аж...

Социализм гэдэг  өнөөгийн залуучууд бидний хувьд үлгэр шиг хол  санагдаж болох ч тэр нийгэмд амьдарч байсан хүмүүс олон бий. Тэдний ярианаас ганц, хоёрыг жишээ болгон хүргэхэд:  -Тоотой хэдэн ресторан байдаг байлаа. Үдийн цайнд гараад хоол идье гэхэд наад зах нь  30 минут болно. Заримдаа хоол олж идэж чадахгүй. Одоо бол бүх юм бэлэн, үйлчилгээний асуудал нээлттэй болжээ. Хөл хүрэх газраа эргэлдэхээр байна. Мах сүүн дээр алалцаан болдог байсан гэвэл одооны хүмүүс итгэхгүй байх л даа. Цайны сүүний асуудал бол маш хүнд. Маханд оочерлоход 3-р мах гэж дотоодын бэлтгэлийн мах гэж байсан. Гайгүй мах нь гадагшаа ЗХУ-руу гаргачихна. Дотоодын бэлтгэлийн мах гэдэг 11 сар хүртэл зэл сахиулсан хөгшин үнээний мах. Бүх дэлгүүр улсын мэдэл. Хувийн мухлаг,  дэлгүүртэй хүн байх бололцоо байхгүй. Тоотой хэдэн дэлгүүрт бараа маш ховор, нэг төрлийн бараа давхарлаад өрчихсөн байдаг. Хоёр улсын гэрээгээр зөвшөөрөгдөөд орж ирсэн бараа улсын үнээр  зарагдана.  Гэхдээ үнэ нь бас өндөр байлаа. Үнэ нь өндөр мөртлөө хүмүүсийн авдаг цалин маш бага байсан.

-“Социализмын үед нэг малчин айл хувьдаа  50 толгой малтай байдаг байсан. Заасан толгой малаас  илүү гаргаж өсгөж  болохгүй. Мал ямар нэг байдлаар хорогдсон тохиолдолд заавал толгой, чих арьс нь байж байж л актлана. Чоно нохойнд идүүлсэн малыг бол хариуцлага алдсан гэдэг нэрийдлээр төлүүлдэг байсан”  гэж тэд ярьсан юм. Гэхдээ социализмыг тэр чигт нь буруутгах боломжгүй...

1980-аад оны дунд үеэс социализм мухардалд орсныг социалист системийн тэргүүлэгч гүрэн болох ЗХУ хүлээн зөвшөөрч, тус улсын нам, төрийн тэргүүн М.С.Горбачев өөрчлөн байгуулалтыг зарлалаа. Энэ нийгэм нь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй дан ганц коммунист үзэл суртлыг тахин шүтдэг нь хүний язгуур ашиг сонирхолтой зөрчилдсөөр иржээ. Зүүн Европын социалист орнуудад нийгмээ өөрчлөхийг шаардсан олон нийтийн эсэргүүцэл, бослого 1950-иад оноос гарч тухай бүрд нь ЗХУ-ын цэргийн хүчээр нухчин дарж байжээ. 1989 онд Польш, Чех Зүүн герман, Болгарт эхэлсэн олон нийтийн эсэргүүцэл тайван замаар амжилтанд хүрч нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн бол Румынд коммунист дэглэм цус урсгасан, хүнд ширүүн үйл явцын дунд нуран унажээ.

Монголд 1988-1989  залуучуудын дунд Шинэ үе, Орчлон зэрэг улс төрийн нууц бүлгэм, клубүүд байгуулагдан нам төрийн тогтолцоог шүүмжлэн хэлэлцэх болов.  Нийслэлийн гудамж талбайд наасан ухуулга  хуудсуудад тухайн үеийн нам, төрийн бодлогыг хурцаар шүүмжилж, өөрчлөн байгуулалтыг дэмжиж, ардчилал, олон ургальч үзэл, хүний эрхийг шаардсан үйл ажиллагаа явуулж, өөрчлөлтийг хүссэн уур амьсгал хот, хөдөөгүй өрнөж оюутнууд, ажилчин залуучууд цуглаан зохион байгуулж байлаа. 1989 оны 12 сарын 10-ны өдөр. Энэ өдөр Залуучуудын соёлын төвийн өмнө улс төрийн цуглааны индэр дээрээс Монголын ардчилсан холбоо байгуулагдсаныг анх удаагаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү ардчилсан хувьсгалын дуу хоолой орон даяар цуурайтаж  “Хонхны дуу”-гаар  шинэ нийгмийг нээж, ард түмнээ сэрээсэн түүхтэй. Тэгвэл  ардчилал бидэнд юу авчирсан вэ?.

 Олон намын тогтолцоо бүрдсэн, Сүсэг бишрэлийн эрх чөлөө сэргэсэн, Чөлөөт хэвлэлийн үндэс суурь тавигдсан, Социализмын жилүүдэд хэвлэл мэдээллийн салбар цомхон байлаа. Хувийн өмчийг зөвшөөрдөггүй байсан тул энэ бүх сонин, телевиз, радио улсын өмчлөлд оршиж, эрх барьж буй намын үзэл суртлын хатуу хяналт цензур дор үйл ажиллагаа явуулж байлаа. Анхны ардчилсан сонгууль болсон. Зах зээлийн үндсийг тавьсан.  1991 он Монголын түүхэнд тод томруунаар дурсагдах онцгой нэгэн үе болон үлджээ. Үйл явдал өөрчлөлт толгой эргэм хурдтай эрчтэй өрнөж байв. Алхам тутамд  салахгүй дагах хараа хяналт үгүй болж,  иргэд өөрийнхөөрөө бодож сэтгэж, тэр бодол санаагаа дараа нь шийтгүүлнэ гэж айхгүй чөлөөтэй хэлнэ, илэрхийлнэ гэдэг бол цоо шинэ гайхамшигтай сайхан мэдрэмж байлаа. Ердөө ганцхан жилийн дотор монголчууд ардчилсан хувьсгалынхаа үр шимийг бодитойгоор хүртэж эхэлжээ. Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж, хоршооллох нэрийн дор нэгдэлд албадан хураалгасан малаа эргүүлэн авч, хувийн аж ахуй эрхлэх эрхээ сэргээж, гадаадад чөлөөтэй зорчих болсон.  Олон мянган хүн арилжаа наймаа хийж аж амьдралаа залгуулахаар хилийн дээс анх удаагаа алхаж байлаа. Гадаад бодлогоо хэнээс ч асуулгүй бие даан явуулах болсон манай улсын Засгийн газрын хувьд өндөр дээд хэмжээний зочид хүлээн авсан, мөн гадагшаа айлчлалууд хийсэн, олон улсын хамтын нийгэмлэгт жинхэнэ утгаараа нэгдэж ирээдүйгээ баталгаажуулах чухал алхам хийсэн.

1992 оны 9-р сард БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлж, Монгол улсыг  цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Ардчилсан үндсэн хуулиа баталсан. УИХ байгуулагдлаа. Чингис хааны тухай монголын анхны уран сайхны кино дэлгэцнээ гарсан. Тахийг эх нутагт нь авчирч Хустайн нуруунд тавьжээ. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсон. Хараат бус хэвлэлийн шинэ үе шат эхэлсэн гээд ардчилал бидэнд олон зүйлийг өгчээ. “Ардчилсан засаглалтай үед ядуус нь баячуудаас илүү хүчтэй байдаг. Учир нь тэд олонх болдог. Олонхийн хүсэл бол хамгийн хүчтэй нь “ гэж Аристотель хэлсэн байдаг. Монгол орон ардчилсан хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч алдаанаасаа суралцан тэдгээрийг даван туулсаар өнөөдрийн өндөрлөгтэй золгосон билээ.

 Гэхдээ ардчилалыг ямар нэгэн намтай холбон үзэж болохгүй. Ардчилал  бол олонхиороо шийдвэр гаргах олон аргуудын зөвхөн нэг нь.   Ардчилалд хүрэх зам гэж үгүй ардчилал өөрөө зам.

“Ардчилал гэдэг бол 2 чоно, 1 хонь өглөөний цайндаа юу идэх талаар санал хурааж буй хэрэг” хэмээн  Н.Л.Мэнкэн хэлсэн байдаг. Гэвч энэ нь  ардчилалд хяналт хэрэгтэй гэдгийг нэг талаараа  харуулж байгаа эшлэл  юм.  Харин хүний эрх, эрх чөлөө, эрх мэдэл хуваарилалт, ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь иргэний оролцоо ба хяналт  зэрэг нь  ардчиллын   үндсэн зарчим  үнэт зүйлс  билээ. Гэхдээ цаашид ардчиллаас  ирээдүйд ямар өөрчлөлтийг хүлээх үү, аль асуудал дээр алдаа оноог дэнслэх үү, хэрхэн хамтдаа зөв шийдвэр гаргах уу, гэдэгт хүн бүрийн оролцоо чухал  гэдгийг хэнбугайн ч бодох л  хэрэгтэй.  Маш их зүтгэл гаргаж  энэ ардчилал гэдэг зүйлийг олж авчихаад хэн нэгний тоглоом болгохгүйн тулд хайрлаж, тордож хамгаалах нь чухал.  Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг шиг хүнлэг, шударга, боловсронгуй нийгмийг бүтээхэд ардчилал нь өөрөө тулах цэг юм.

Сэтгүүлч Х.Нямжаргал

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна