2014 Айраг согтууруулах ундаа мөн үү | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Айраг согтууруулах ундаа мөн үү

2019-11-05 02:43:42 | 12 | 0


 

“Хоёр аяга айраг уугаад явж байгаад жолооны эрхээ хасуулчихлаа” гэж нутгийн ах хүү ажил дээр ирж халаглав. Үлээгээд зөвшөөрөгдсөн хэмжээнээс нь их гарсан гэнэ.  “Архи, пиав уугаагүй зүгээр л айраг уугаад явж байсан, яаж үнэмлэхээ авах уу, арга чарга байна уу, хүүхдээ цэцэрлэгт нь зөөж чадахгүй нь” л гэнэ, “бүтэн зургаан сар машин барихгүй бол амьдрал зогслоо” л гэнэ. Яахав. Хууль харлаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэжээ.

-Үүнд айраг ороогүй байна. Хуульд заасны дагуу бол айраг согтууруулах ундаа биш юм байна гэж хэлэхэд ахын нүд нь сэргээд:

-Тийм байлгүй дээ. Тэгэхээр чинь айраг уусан юм чинь би жолооны үнэмлэхээ авч болох нь уу? гэж горьдлого тээн асуув. Нээрээн яах бол?

 Арван жилийн сурагч байлаа. Долоо билүү наймдугаад ангид байсан юм. Аав, бид хоёр айраг уух юмсан гэж хэд хоног ярилаа. Ирдэггүй шүү. Ирдэггүй ч гэж дээ, хавар хаанаасаа ч айраг ирэх вэ дээ. Манайх Булганы айл. Аав маань Бугат сумынх, харин ээж маань Могодынх. Могодын хүргэнийх ямархуу айраг уудаг нь тодорхой. Тэгээд ч тэр үед манайд ээжийн хамаатны дүү нар гээд оюутнууд суудаг байлаа. Жилжингээ л Булганаас ах дүү, хамаатан садан, ээж, аавын найз нар гээд хүмүүс ирнэ. Ирэхдээ голцуу л айрагтай ирдэг байлаа. Хэрэв хүн ирэхгүй, айраггүй бол манай хажуугийн орцонд байх ээжийн найз эгчийнх рүү битаан бариад л ордог байсан юм. Тэр эгч ээжийн нутгийнх. Тэдний нөхөр нь том тэрэгний жолооч байсан санагдана. Байнга л Булган хот хоёрын хооронд тээвэр хийдэг байсан болов уу, айраг зардаг байсан юм. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа л гэдэг байх. Гэхдээ манай нутгийнхан бол айраг ярьвал нүд нь сэргээд л явчихна. “Айргийн амт нь чимчигнэсэн...” гээд дуу сонсоход л, дээд уруулаа хэлээрээ шилэмддэг нөхдүүд шүү дээ, бид. Аятайхан дүрслээд цааш нь бичвэл, үүнийг уншиж байгаа манай нутгийн гарвалтай, ойрд айраг уугаагүй нөхдийн хүртэл арааны шүлс асгарч, амаа хий л тамшаалах нь бодит үнэн.

Ер нь энэ бол зөвхөн Булганыхан гэлтгүй, айрагтай газрынханы зан байх. Айраг ярьсаар хэд хоног болов. Аав аргаа ядаж, тэсвэр нь барагдсан байх: -Аав нь ер нь дэлгүүр гарч пиав авнаа гээд хувцсаа өмсөхөд нь ээж ч: -Тэг, тэг гэж дэмжиж байна. Удалгүй аав дэлгүүрээс ирж, нөгөө авсан пиавнуудаа хөргөгчинд өрөөд тавьчихав. Юу гэдэг шар айраг байсныг нь сайн санадаггүй юм. Аав пиавнаасаа уугаад л, юмаа бичээд л суугаад байх юм. Манай аав бичгийн хүн л дээ. Ном бичдэг юм. Тэгэхэд 14, 15 настай байсан миний толгойд нэгэн бодол төрж байгаа юм. Юу гэвэл айраг уумаар санагдсан үедээ шар айраг буюу пиав ууж болох юм байна гэж. Нэлээд байлаа. Аав хоёр ч шилийг уучихлаа. Айраг гэдэг чинь бас л спиртийн хольцтой. Нэг нь цагаан айраг, нөгөө нь шар айраг болж байгаа юм. Нэг нь сүүнээс гаргасан, нөгөө нь буудайнаас гаргасан. Ер нь өнгө нь л өөр болохоос ямар ч ялгаагүй эд гэж байгаа юм гэх мэтээр аймар, аймар оюун дүгнэлт хийвээ.

Галын өрөөнд орлоо. Хүн алга. Хөргөгчнөөс нэг пиав аваад, аяганд хийж байгаа хэд балгав. Зүгээр л юм, гэхдээ амт нь айраг шиг бол биш юмаа гэх зэргийн юм бодоод сууж байтал: -Чи юу ууж байгаа юм бэ? гэх цочмог чанга дуу гарлаа. Би ч гэмт хүн гэлбэлзэнэ гэх ч хаашаа юм. Нэг тиймхэн болоод явчихлаа. Айхгүй хэрнээ аягүй гэх нь ч хаашаа юм. Ер нь бол пиав гэдгийг чинь томчууд уудаг, хүүхэд болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдэх ч гэлээ, ааваасаа хамаагүй өндөр болчихсон, бас ч гэж эрүүн дээр сахал ургаад, хоолой бүдүүрчихсэн, өөрийгөө ихэд том болчихсон гэж тухайн үедээ боддог байсан болов уу, ээжийн асуултанд нэг их балмагдсангүй: -Аан. Айраг уумаар санагдаад байсан юм. Пиав уусан чинь дажгүй л юм байна гэж их л намбатай хэлээд туучихлаа. Ээж нэг том харснаа, хэлэх үгээ олоогүй бололтой нөгөө өрөө рүү яваад орчихсон юм. Аавд ховлох гээд...

Бодоод байх нээ. Би ер нь ухаан орохоосоо л айраг ууж өссөн болов уу. Хоёр настайдаа айраг уугаад, орон доогуур ороод “тасарчихсан” байсныг минь мэдэхгүй, Жигжид зуслан даяар эрэл сурал болж, шөнөжин ээж уйлж дуулж, аав ажлынхантайгаа ой самнаж хайгаад аргаа барж байсан гэдэг юм. Хүүхэд байхдаа айраг их уухаар чухам өөрийгөө согтож байна, энэ тэр гэж бодохгүй ч гэлээ бага зэргээр дотор халуу шатаж, тааламжтай мэдрэмж төрдөг байснаа бол мэднэ. Хэрэв айргийг согтууруулах ундаанд тооцвол 21-ээс доошхи насны хүнд айраг аягалж өгснөөр бүгд хууль зөрчигч болж таарна. Учир нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.4-т заасан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалт бий.

Намар оройн айраг бол ямар ч пиавны дэргэд согтууруулах зэргээр дутахгүй. Айргийг согтууруулах ундаанд тооцвол монголын уламжлалт аж ахуйн дагуу айраг исгэж буй бүх өрх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно. Иймд айргийг 2 хувиас дээш этилийн спирт агуулсан ч хамаагүй согтууруулах ундааны төрөлд оруулаагүй байна. Харин айраг уугаад замын цагдаад баригдах юм бол мэдээж хуульд зааснаар айраг нь согтууруулах ундааны жагсаалтанд ороогүй ч гэсэн жолоочийн чадварт нөлөөлөх ундаа мөн тул хариуцлага хүлээх нь гарцаагүй юм.

Иймээс айраг уучихаад жолоо барьсан жолоочийг цагдаа хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Цагаан айраг байна уу, шар айраг байна уу, Монгол айраг байна уу, Герман айраг байна уу ялгаагүй. Гол нь түүнийг хэрэглэсний дараа ямар үр дагавар гарч байна вэ гэдэг нь чухал байна. Тиймээс цагдаа зогсоовол айраг уусан юмаа гэж хэлээд нэмэргүй. Монгол аж ахуйн онцлогоос шалтгаалан Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь айргийг согтууруулах ундаанд оруулаагүй ба энэ нь замын хөдөлгөөний дүрэмд хамаарахгүй гэдэг нь ойлгомжтой байна.

Хуульч Б.Гүнбилэг

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна