2014 Д.Одбаяр хэргээ хүлээж, БНСУ-ын тал хилийн хориг тавьжээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Д.Одбаяр хэргээ хүлээж, БНСУ-ын тал хилийн хориг тавьжээ

2019-11-07 03:32:26 | 9 | 0


Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр  нар Инчеоны Олон улсын нисэх онгоцонд  гурван хүний хамт Индонез улсад болох цэцийн гишүүдийн хуралд оролцоор зорчиж явахдаа үйлчлэгчийн биед халдаж  бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Тэгвэл өнөөдөр Солонгост саатан Инчеоны бүс нутгийн Цагдаагийн газарт хэрэгтэйгээ холбоотой тайлбар, мэдүүлэг өгсөн байна.

Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг

Сануулахад, .Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирлан тус улсад баривчлагдсан тухай тодруулбал, Инчеоны Олон Улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан юм.

Түүнийг тус улсын хуулийн байгууллагынхан саатуулсаны дараахан Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс хүрэлцэн очиж Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар Д.Одбаяр нь дипломат халдашгүй эрхтэй гэх үндэслэлээр суллуулсан юм. Тэрбээр суллагдсаныхаа дараа   Индонез Улсыг зорьсон юм. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үндсэн хуулийн Цэцийн холбогдох албаныхан ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа.  Энэ хэрэгтэй холбоотой  шинэ мэдээлэл ирсэн эсэх талаар тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Д.Одбаяр хэрэг явдал гарахын өмнөх өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай онгоцонд суусан  байна. Онгоцонд зорчиж явахдаа вино нэхэж, хоорондоо чанга дуугаар ярилцсан. Түүнчлэн нислэгийн явцад  асуудал үүсгэж онгоцны ажилтнуудтай ойлголцож чадалгүй улмаар монгол орчуулагч дуудан авчирч орчуулга хийлгэсэн. Ингэхдээ орчуулагчаа зүй бусаар дайрч, доромжлон “Орчуулгаа хийж дууссан бол зайл” хэмээсэн тухай зорчиж явсан иргэний мэдээлэл байна.

Энэхүү бэлгийн дарамт учруулсан хэргийг Олон улсын нисэх онгоцны буудлыг хариуцдаг Инчеоны Цагдаагийн газар  шалгаж байсан бол өнөөдөр Инчёоны бүс нутгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэс шилжүүлэн авчээ.

Түүнчлэн  Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамнаас Венийн конвенц нь зөвхөн тухайн дипломат ажилтныг илгээсэн болон хүлээн авагч оронд л үйлчилдэг болохоос дамжин өнгөрч буй оронд үйлчилдэггүй учир түүнд дипломат халдашгүй эрх үйлчлэхгүй тул саатуулан шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна