2014 Түмэн-Од: Уул уурхайн салбар манай улсын бүхий л салбарыг тэтгэж, хүн бүрт өгөөжөө өгч байгаа | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Түмэн-Од: Уул уурхайн салбар манай улсын бүхий л салбарыг тэтгэж, хүн бүрт өгөөжөө өгч байгаа

2019-11-07 11:23:25 | 182 | 0


Уул уурхайн зөвлөх үйлчилгээний Гоулдмэн Прожект ХХК–ийн ерөнхий захирал, Уул уурхайн ашиглалтын инженер Э.Түмэн-Одтой ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу? Хоёулаа яриагаа Хариуцлагатай уул уурхай гэж яг юу болох талаар эхэлье?

Сайн, сайн байна уу?Юуны түрүүнд “ярилцъя” буландаа урьсанд баярлалаа.

Хариуцлагатай уул уурхай ярихаасаа өмнө уул уурхай гэж юу вэ? Бидний амьдралд ямар нөлөөтэй юм? талаар товчхон яримаар санагдаж байна. Монголчууд бид уул уурхайн талаар нэгдсэн ойлголтгүй, сөрөг зүйл гээд олонх нь хүлээгээд авчихсан хандлага харагддаг.

Хүний нийгэм бий болсон цагаас уул уурхайн үйлдвэрлэлийн түүх бичигдсэн байдаг. Энэ талаар түүхийн хичээлд чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үе гээд үздэг шүү дээ. Тэгэхээр уул уурхай хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой байж ирсэн, одоо ч байсаар байна. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл ямар нэгэн зүйлээс бий болж байгаа. Хэрэв тухайн зүйл газраас ургадаггүй юм бол уурхайгаас л гарсан байж таараа.

Бид өөрсдөө тэр болгон анзаардаггүй бөгөөд бидний амьдарч байгаа байр, унаж байгаа машин, гар утас, малчдын хувьд мотоцикл, сансрын антен, телевизор, тогоо, шанага гээд ер нь бүгд уул уурхайн бүтээгдэхүүн. Бид хэрэглэгч нь юм. Тэгэхээр уул уурхайг энгийнээр тайлбарлавал хүмүүс бид хэрэгцээ шаардлагынхаа хүрээнд байгалийн баялгаа ашиглаж байгаа явдал.

Хариуцлагатай уул уурхайн хувьд задалж олон зүйл яримаар байна.  Маш өргөн хүрээний асуудал цаг их орох учраас таны асуултад товчхон хариулаад явъя. Тухайн нутгийн байгаль экологи, түүх соёлын өвийг хадгалах, уурхайн олборлолт, ашиглалтыг байгаль орчинд ээлтэй, мэргэжлийн, технологийн дагуу гүйцэтгэх, тухайн улс, орон нутаг, нийгэмд эерэгээр нөлөөлөх, засаглалын зохистой бүтэцтэй байх зэрэг нь олон улсад тодорхойлогч гол хүчин зүйлүүд болж байна.

За тэгээд мэдээж хуулийн дагуу ажиллах, ил тод нээлттэй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, нөхөн сэргээлтээ сайн хийх зэрэг нь хамаарна.

Манай улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй Оюу толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Инержи Ресурс ХХК зэрэг олон аж нэгжүүдийг нэрлэж болохоор байна.

-Та Хөвсгөл нутгийн хүн. Хөвсгөлд уул уурхайн “Овоот” төсөл хэрэгжих гэж байна. Хэрвээ хариуцлагаа бүрэн хэрэгжүүлээд явбал Хөвсгөлчүүдийн хувьд энэ нь эдийн засгийн том боломж юм болов уу гэж зарим хүмүүс харж байна. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд таны байр суурийг сонсъё?

Тийм ээ би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул. Одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.

Овоотын орд нь одоогийн байдлаар тогтоогдсон 227 сая.тн нүүрсний нөөцтэй, уул геологийн хувьд таатай нөхцөлтэй Монгол улсдаа томоохонд тооцогдох орд. Нүүрсний чанарын хувьд маш сайн коксжих, тослог нүүрс бөгөөд Австралийн ангиллаар 6-р анги, 4-р групп, 5-р дэд групп-д хамаардаг ба бусад коксжих нүүрстэй хольж чанарыг нэмэгдүүлэх байдлаар ч ашиглаж болох тийм сайн чанартай.  

Манай компани 5 жилийн өмнө Могойн голын ордын төсөл дээр ажиллаж байсан. Дээр нь миний бие нутагтаа хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийг сонирхоно, судална мэргэжлийн онцлог юм уу даа. Сүүлд Овоотын төслийн танилцуулгыг сонсож байхад үндсэн 2 үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаан байна билээ.

Эхний үе шатанд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ энэ нь Хөвсгөл аймгийн 2018 оны ДНБ-ээс өндөр дүн өөрөөр хэлбэл манай аймгийн нэг жилийн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг бүхий л салбарын орлогоос их байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт ороход багаар бодоход гуравны нэг нь аймагт үлдье гэж үзэхэд хүн бүрийн амьжиргаанд нөлөөлнө. Энэ нь дам нөлөөллөөр таны, өөр хэний ч бай хэтэвчинд 300 мянган төгрөг байлаа гэхэд 100 мянга нь энэ хөрөнгө оруулалтаас орж ирсэн мөнгө байна гэсэн үг өөрөөр хэлбэл 200 мянга байх байсан бол 300 мянга болж нэмэгдэнэ. Тэгэхээр эдийн засаг талаасаа хамгийн эхэнд үзүүлэх нөлөөлөл нь хөрөнгө оруулалт байна.

Орон нутгийн эдийн засаг тухайн бүс нутагт эргэлдэж буй мөнгөн урсгалаар л хэмжигдэнэ. Дээр хэлсэн ДНБ ч үүнээс хамаарна. Хэрвээ иргэдийн амьжиргаа муу, дийлэнх нь ядуу байна гэж үзвэл мөнгөн урсгалаа л нэмэгдүүлэхгүй бол цаашдаа ядуу хэвээрээ л байна.

Уул уурхай бол маш их мөнгөн урсгалыг тухайн бүс нутагт оруулдгаараа онцлогтой салбар ганцхан хөрөнгө оруулалт орох биш тухайн ашигт малтмалын борлуулалтын орлого гэж том мөнгөн урсгал бий. Овоотын төсөл жишээ нь жилд 4 сая.тн нүүрс баяжуулаад зарахад борлуулалтын орлого  ойролцоогоор 1.8 их наяд төгрөг хүрнэ. Энэ нь аймгийн ДНБ-ээс 3 дахин их мөнгө, нэг жилд энэ хэмжээгээр эдийн засаг тэлж аймгийн ДНБ нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс энэ төсөл эдийн засаг талаасаа маш их ач холбогдолтой.

Намайг  ингэж ярихаар уншигчид маань энэ нөхөр Овоотын төслийг сурталчилж байна гэж ойлгож магадгүй /инээв/. Гэхдээ энэ бол бодит байдал өнөөдөр Өмнөговь, Сүхбаатар, Орхон зэрэг уул уурхай хөгжсөн томоохон төслүүд хэрэгжиж буй аймгууд  1 хүнд ногдох ДНБ-рээ Хөвсгөл аймгаас 2-оос 4 дахин өндөр байна. Энэ чинь шууд утгаараа тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьжиргаа 2-оос 4 дахин сайн байна гэсэн үг. Зарим аймаг улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй төсвөө өөрсдөө бүрдүүлж байна. Манай аймгаас ч уул уурхай хөгжсөн эдгээр бүс нутгуудад ихээр очиж ажиллаж, амьдарч байна.

-Ер нь компаниуд  ашиг харж төсөл хэрэгжүүлнэ биздээ. Бидэнд түүнээс үлдэх дэд бүтэц, хөрөнгө оруулалт нь хэрэгтэй гэж ойлгож  болох уу?

Олон улсад ч тэр Монголд ч тэр уул уурхайн компаниудын нийт борлуулалтын орлогын 20-25%-г татвар төлбөрт, 60-70%-г үйл ажиллагааны зардалд зарцуулж 5-15%-н ашигтай ажилладаг. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн Овоотын төслийн жилийн борлуулалтын орлого ч иймэрхүү байдлаар задарна. Улс татвараа авдгаараа авна. Компани маш их эрсдэл гаргаж хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарж байгаа учраас 5-10%-ийн ашигтай ажиллаг л дээ. Тэгэх гэж л хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Харин 60-70%-ийн үйл ажиллагааны зардлаас аль болох аймаг, улсдаа авч үлдвэл төдий хэмжээний төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ үүнд л анхаарах хэрэгтэй гэж би хувьдаа боддог.

Овоотын төсөл бүрэн хэрэгжсэнээр манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт орж, төслийн үйл ажиллагааны зардлын тодорхой хувь эдийн засгийг тэтгэж,  мөнгөн урсгалын хэмжээг нэмэгдүүлж, олон хүн ажлын байртай, олон аж ахуй нэгж, туслан гүйцэтгэгч компаниуд шинээр байгуулагдаж, дам нөлөөллөөр хүн бүрд өгөөжөө өгөх болно.

-Монгол Улсад Уул уурхайн салбарт түшиглэн хөгжиж байгаа жишиг сумын тухайд,  манайд  тийм боломж бий юу?

Манай улсад дан ганц уул уурхайд түшиглэн хөгжиж буй олон сум бий жишээ нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд уул уурхайн компаниуд нийлж 2 цэцэрлэг, 1 эмнэлэг, 1 сургууль, 1 дотуур байр барьж өгсөн. Бүх хүүхэд нэг ээлжээр хичээллэдэг. Одоо бага оврын дулааны станц бариад айлуудаа цэвэр, бохирын шугамд холбож байна.  Мөн сумын төв 7 км хатуу хучилттай авто зам тавьсан, бүх оюутнуудын 50% нь тэтгэлгээр сурдаг гэх мэт дурдаад байвал олон зүйлүүдийг зөвхөн уул уурхайн компаниуд дээрээ суурилан хийж хөгжиж байна. Овоотын төслийн зөвхөн татварын орлогыг авч үзэхэд төслийн 1-р үе шатанд эхний 10 жилийн хугацаанд улсын төсөвт 2.1 их наяд төгрөг, орон нутгийн төсөвт 280 тэрбум төгрөг үүнээс Цэцэрлэг суманд 87 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан юм билээ. Үүнээс үзэхэд Цэцэрлэг суманд жилд 8.7 тэрбум төгрөгийн татварын орлого орно. Зөвхөн татварын орлогоороо Цэцэрлэг сум бусад сумаасаа хол тасарна. Татвараас гадна өөр дам нөлөө мэдээж их байна.

-Хөвсгөлийг хэн бүхэн цаа буга, хамгийн олон хүн ам, мал аж ахуй,  байгалийн үзэсгэлэнт газраар нь андахгүй сайн мэднэ. Тэгвэл уул уурхай нь байгаль орчин, мал аж ахуй, уугуул иргэдэд ямар нөлөөлөл  үзүүлэх вэ?

Уул уурхай эдийн засаг талаасаа давуу талтай, хүн төрөлхтний хөгжил, хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа хэдий ч байгаль орчин талаасаа сөрөг нөлөөллүүд бий. Үүнд тухайн олборлолт явуулсан хэсэгт ухаш үүсэж тодорхой хэмжээний газрын унаган байдлыг алдагдуулдаг. Мөн зарим төрлийн ашигт малтмалыг баяжуулж, боловсруулах шаардлага гардаг тул үүнд ус их хэмжээгээр зарцуулна. Харин  тоосжилт зэргийг одоо шийдэж болж байна. Овоотын төслийн хувьд ашигт малтмалын төрлөөс хамаарч элдэв химийн бодис хэрэглэхгүй.  

Мал аж ахуйн хувьд уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нөлөөллийн радиус гэж тогтоодог. Түүнээс гадна малчид байх шаардлагатай. Ер нь практик дээр айлын өвөлжөө, зуслан зэрэг давхацвал нүүлгэн шилжүүлж, шаардлагатай бол нөхөн олговор өгдөг. Сөрөг нөлөөлөл харьцангуй бага.  Харин мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр уурхайд ханган нийлүүлэх боломж бүрддэг. Аль ч газар энэ жишгээр л явж байна. Харин гадаад тээврийн авто болон төмөр замын трасын дагуу бэлчээрт тодорхой хэмжээнд нөлөөлнө.

Уугуул иргэдийн хувьд маш сайн нөлөөтэй ажлын байр шинээр бий болж орон нутгийн татварын болон бусад орлого эрс нэмэгдэж ер нь төслийн өгөөжийг хамгийн их хүртдэг гэж хэлж болно.

-Манай орон нутгийн зарим иргэд эсрэг байр суурьтай байдаг. “Овоот” төслийг хэрэгжүүлэхгүй байх арга замыг сонгож тэмцэж байгаа. Энэ нь нэг талаараа тухайн төслийг хэрэгжүүлэх компаниас хариуцлага нэхэж буй хэлбэр нь байх. Гэхдээ иргэдийн тэмцэл яг “байгаа” онож байгаа болов уу?

Иргэд яг ямар байдлаар эсэргүүцэж тэмцэж байгааг сайн мэдэхгүй байна. Хааяа сошиал, зурагтаар л мэдээлэл авдаг. Миний хувьд олон төслийн ажлаар хөдөө орон нутагт багийн, сумын иргэдтэй хурал хийж малчидтай уулзаж байсан. Би өөрөө ч хөдөө орон нутагт өссөн болохоор энэ байдлыг сайн ойлгодог. Намайг 10 жилийн сурагч байхад УИХ-д манай тойрогт нэр дэвшиж байсан нэгэн эрхэм иргэдтэй уулзалт хийх үедээ Таван толгойн нүүрсийг том том машинаар өдөр шөнөгүй зөөж Хятадын нутагт хил давуулаад овоолж байна хайран газар шороо минь гэж ярихад тэнд цугласан бүх хүмүүс хайран юм, хайран Монголын минь газар шороо гэж халаглаж, харамсаж байсан би ч адилхан. Гэтэл бодит байдал дээр Хятад улс коксжих нүүрсний том хэрэглэгч Австрали, Канад, Индонез зэрэг маш олон орноос нүүрс авдаг. Тэдгээр улс хэн нь илүү нийлүүлэх үү гэж хоорондоо өрсөлддөг. Манай улс ч адилхан яаж аль болох их нүүрс экспортлох уу гэж толгойгоо гашилгаж байна. Хятад улс манайхаас  нүүрсээ өгөөч гэж огт гуйгаагүй бодит байдал ийм л байсан. Одоо бол миний байр суурь боловсрол, мэдлэг, мэдээлэлд тулгуурлан өөрчлөгдсөн. Тухайн үед яасан муухай популист юм ярьж иргэдийг төөрөгдүүлж байсан юм бэ гэж боддог.

Тиймээс иргэд зөв зүйл дээр нэгдэн эсэргүүцэж тэмцэж болно. Харин одоо цагт уул уурхайг шантаажилдаг, амар аргаар мөнгөтэй болох гэсэн олон хүмүүс тэр байтугай ТББ-ууд ч байна. Энэ бол гашуун үнэн. Тэд иргэдийн нутаг орноо гэсэн сэтгэлийг буруугаар ашиглах, буруу ухуулга хийх,турхирах тохиолдлууд ч цөөнгүй харагддаг. Иргэд ийм  зүйлд автаж болохгүй. Цөөн хэдэн хүмүүс биш олонхынхоо санаа шийдвэр, бодлыг хүндэтгэх хэрэгтэй.

Овоотын төслийг эсэргүүцэх шалтгаан би хувьдаа олж харахгүй байгаа. Сөрөг гэхээсээ илүү эерэг талууд маш их. Хамгийн гол нь энэ их дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа дийлэх хэмжээний орд тэр болгон нээгдэж илэрдэггүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ гайгүй байхад даруйхан үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Ер нь технологи хөгжөөд удахгүй нүүрсийг хэрэглэхээ болих ч магадлалтай.

Иргэд газар нутаг эвдэж сүйрнэ нутаггүй болно гэж ярьдаг. 2019 оны байдлаар Монгол улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.03%, эвдрэлд орсон хэсэг 0.4%-г тус тус эзэлж байна Хөвсгөл аймагт Эрдэнэт үйлдвэр шиг нэг том орд ашиглахад Хөвсгөл аймгийн нийт газар нутгийн 0.033% буюу 1% ч хүрэхгүй 1%-г 100 хуваасны 3-тай л тэнцэнэ иймээс энэ төрлийн эрсдэл байхгүй гэж ойлгож болно.

Уул уурхайн аливаа төслийг амжилттай хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нэн чухал алхам бол итгэлцэлд суурилсан харилцаа, зөв ойлголцлыг бий болгох юм. Ийм харилцааг бий болгох нь компаниуд, орон нутгийн удирдлага болон орон нутгийн иргэдэд харилцан ач холбогдолтой. Энэ тохиолдолд уул уурхайн салбар нь шинээр ажлын байр бий болгож, инновацийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаандаа дэд бүтцийн хөгжлийг асар ихээр тэтгэдэг давуу талтай. Зөв удирдан залж чадахгүй бол байгаль орчны бохирдол, ард иргэдийн шилжин суурьшилт, эсэргүүцэл, тэмцэл гэх мэт олон сөрөг үр дагаварт хүргэдэг.

Би хувьдаа аймгийн удирдлагууд, ИТХ-ын гишүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд гадагшаа биш юмаа гэхэд Монгол улсдаа Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт зэрэг томоохон төслүүдийг биечилж очиж үзээсэй гэж боддог.  Тэр үед тэдгээр хүмүүсийн уул уурхайн талаарх ойлголт  өөрчлөгдөнө гэдэгт би эргэлзэхгүй байна.

Эрдэнэт үйлдвэр жишээ нь 1978 онд ашиглалтад орж одоог хүртэл 40 гаруй жил улсаа тэжээсэн. Дахиад шинэчилсэн ТЭЗҮ-ээр 40 жил ажиллахаар байгаа. Одоогийн байдлаар тогтоогдоод байгаа нөөцийнхөө гуравны нэгийг л ашигласан байдаг. Ирээдүйд зэсийн үнэ өсөх нь ойлгомжтой. Тэр үед магадгүй ашиглалтын хугацаа, нөөц дахин нэмэгдэх байх. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд байгаль орчин сүйрээд хохирсон юм байхгүй. Эсрэгээрээ өөр эвдэрч сүйрсэн газруудыг дүйцүүлэн нөхөн сэргээж, байгаль хамгаалах чиглэлээр маш олон ажил хийгддэг шүү.

-Хариуцлагатай уул уурхай, хариуцлагагүй уул уурхайн компаниудын хоорондын ялгаа ямар байдаг  вэ?

Ялгаа их шүү. Хариуцлагатай, хариуцлагагүй компаниуд байна юуг нь нуухав. Магадгүй өнөөдөр уул уурхайн салбарыг тэдгээр цөөхөн компаниуд муухай харагдуулж, харлуулж байна. Энэ тал дээр төр бодлогоор  анхаарах нь зүйтэй болов уу гэж боддог. Ер нь ямар хандлагаар тухайн төсөл, уурхайг удирдаж байгаагаас хариуцлагатай, хариуцлагагүй гэдгийн ялгаа гардаг. Дээр нь гар аргаар буюу нинжа нар ихээр байгаль орчныг сүйтгэж байна. Үүнийг уул уурхай гэж ойлгож болохгүй. Сайн ялгаж салгах, хэрэгтэй. Уул уурхай бол шинжлэх ухаан байдаг. Компаниуд хуульд захирагдана, аливаа олборлолтын ажил технологи, норм, стандарт шаардлагын дагуу л явагдах ёстой.

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр ямар давуу талууд орон нутагт бий болох вэ?

Түрүүн хэлсэнчлэн олон давуу талтай манай аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар хөгждөг бол хөгжихөөр хугацаа их өнгөрлөө. Үүнийг хөгжүүлэхийн тулд мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Жуулчдын шаардлагыг хангасан зочид буудал, ресторан, 00-н асуудал, дэд бүтэц, үзэх үзвэр, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг шийдсэн байх хэрэгтэй. Тэгж байж энэ салбараас мөнгө олно. Хөдөө аж ахуйн хувьд одоог хүртэл ганц ч том үйлдвэр бариагүй биздээ. Зөндөө л ярилаа мөнгөгүйгээс л энэ бүхэн ажил болж чадахгүй байгаа. Тиймээс уул уурхайн салбар дээрээ түшиглэж бусад салбараа хөгжүүлэх цаашдаа бие даан хөгжих боломжоо олж авах хэрэгтэй. Хөгжлийн хувьд маш их цаг хугацааг хэмнэж өгнө.

Хөвсгөл аймгийн 1 хүнд ногдох ДНБ өнгөрсөн онд 4.5 сая.төг байсан улсын дундаж 10 сая.төг байхад Монгол улсын бүх аймаг, нийслэлээс доороосоо 4-т эрэмбэлэгдэж байна гэтэл уул уурхай хөгжсөн Орхон, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууд толгой цохиж байх жишээний эдгээр аймгуудын 1 хүнд ногдох ДНБ 10-18 сая.төгрөг. Энгийн ойлголтоор Монгол улсдаа Хөвсгөлчүүд амьжиргааны төвшин нэлээн доогуур байна гэсэн үг.

-Та саяхан Европын орнуудаар зорчоод ирсэн. Мэдээж уул уурхайн салбарын үйл ажиллагаатай танилцсан байх. Тэндээс авах ямар сайн талууд байх юм?

Манай улс уул уурхайн салбарт техник, технологийн хувьд харьцангуй хоцрогдоод байгаа зүйл байхгүй гаднынхан биднээс ялгаатай нь элдэв популизм байхгүй ухаалгаар хандаж чадаж байна. Хэрэгжих ёстой улс, орон нутагт хэрэгтэй эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж хэсэг бүлэг хүмүүсийн бус нийтийн эрх ашгийг дээдэлж шийдвэр гаргаж байна.

Манайд тийм зүйл алга. Нэг хүн гарч ирээд уйлахад ЗГ-ын шийдвэрт нөлөөлж байна шүү дээ. Ер нь улс оронд хэрэгтэй томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх нь хөрөнгө оруулагчид ч тэр тухайн орон нутаг, иргэдэд ч тэр харилцан үр ашигтай байдаг.

Өнөөдөр манай улсын нийт экспортын 90%-ийг дангаараа уул уурхайн салбар бүрдүүлж, гол орлогыг олж байна. Тэр утгаараа бусад салбаруудтай шууд уялдаатай байдаг. Жишээ нь 2014 онд уул уурхайн салбарыг дагаад барилгын салбар унаж байсан. Ганцхан татвар бус дам нөлөөллөөр бусад бүх салбарт нөлөөлж байдаг тул уул уурхайн салбарыг өргөн утга агуулгаар харах хэрэгтэй.

Дээр нь манай улс эдийн засаг хүндрээд хямраад ирэхээрээ хөрөнгө оруулагчдыг манай улсад хөрөнгөө оруулаач, тааламжтай нөхцөлтэй, хөнгөлөлт үзүүлнэ, засаг төр дэмжинэ гэж өөрсдөө гуйдаг. Харин орж ирээд их хэмжээний хөрөнгө оруулж, цаг зав, хөдөлмөрөө зарцуулж нэг төсөл эхлүүлэх гэхээр янз бүрийн аргаар хааж боон хөөж эхэлдэг. Хууль эрх зүйн орчноо ч дураараа өөрчилдөг.  Тэгээд нөгөө хөрөнгө оруулагчид нь гараад явчихлаар өө та нар ямар тоглоом даадаггүй юм бэ. Одоо буцаад ороод ирээч, одоо жинхэнээсээ гоё болно гэдэг. Энэ чинь хүүхдийн тоглоом биш шүү дээ. Ийм нөхцөлд томоохон хөрөнгө оруулагчид буюу түрүүн ярьсан хариуцлагатай компаниуд хэзээ ч орж ирэхгүй. Тиймээс улс орон,  компани, орон нутаг, иргэд бүгд өөрсдийн гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй.

Таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Б.Гэрэлням

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна