Л.Оюун-Эрдэнэ Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцлаа

2019-12-04 05:03:17 | 1415 | 0


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллав.

Монгол Улсад өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа, агаарын бохирдол, эдгээрийн суурь шалтгаан болсон гэр хороолол, цаашлаад суурин газруудаа орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ухаалаг хот сууринг төлөвлөж, орон сууцаар иргэдээ хүртээмжтэй хангах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг боловсруулахаар Засгийн газар ажиллаж буй.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны /1-5 жилийн/ төлөвлөгөөг боловсруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсгийг өнгөрсөн 04 дүгээр сард байгуулсан. Энэ дагуу тус ажлын хэсгийнхэн Монгол Улсын бүх салбарыг хамруулсан судалгаа, шинжилгээг хийж, нийгмийн бүхий л давхаргын санал бодлыг сонссоны эцэст  “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан бөгөөд одоо дуусах шатандаа ороод байгаа юм. Тиймээс Сингапур шиг хөгжилтэй орнуудын туулж өнгөрүүлсэн сайн туршлагыг судлан энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогод тусгуулах нь ихээхэн ач холбогдолтой.

Сингапур бол арлын жижигхэн хот улс. Хүн амынхаа 84 хувийг төрийн тогтвортой  бодлогоор буюу Орон сууц, хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж орон сууцжуулж чадсан, эдгээрийн 94 хувь нь орон сууцаа моргейжийн зээлээр өмчилж авсан, үлдсэн 6 хувийг нь түрээсийн орон сууцанд хамруулсан гэдэг үзүүлэлтээрээ эдүгээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй. Ялангуяа манай улс шиг гэр хорооллоо багасгах, үүгээр дамжуулж утаа, орчны бохирдлоо бууруулах, өрхийн болон хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ гэдэг мэдлэгийг иргэддээ хамгийн хялбараар ойлгуулах чухал шаардлагатай байгаа ийм эгзэгтэй үед тус улсын туулж өнгөрүүлсэн бодит жишээ бидний хувьд чухал юм.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна