Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзсан юм. Тэрбээр, автозам ашигласны хураамжийг нэмсэн асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг чиглэл болгоод байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн 2020 оны төсөв амаргүй байдалтай батлагдсан байгаа. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
НИТХ-аас төсвийг батлахдаа авто зам ашигласны хураамжийг моторын багтаамж, овор хэмжээ, дээрээс нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан харьцангуй өөр, өөр тогтоож шийдвэрлэсэн байгаа.
Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж аль болох зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг чиглэлийг өгч байна.
Тиймээс НИТХ-аас батлагдсан энэ төсвийг Хотын даргын хувьд иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн барьж, боломжтой хувилбараар шийдвэрлэх судалгаа, тооцоог хийх шаардлага үүсэж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлыг өргөн барихад хуулийн хугацаатай. Багадаа гурав хоногийн өмнө өргөн барих ёстой. Ингээд ээлжит юмуу ээлжит бус хурлыг зарласны дагуу иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж, дахин энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн үг юм" гэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн дагуу Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад үүрэг өгөх эрхтэй байдаг.
Сэтгэгдэл үлдээх