Иргэдийн орлогод нийцсэн 10.000 айлын орон сууц барих санхүүжилтийг бүтэн шийджээ

2019-12-16 03:54:21 | 1524 | 0


Иргэдийн бодит орлогод нийцүүлэн хөнгөлөлттэй үнээр орон сууцны хороолол барих төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дахин суурьшлын бүсүүдэд шинээр орон сууц барих төслийн санхүүжилтийн эх үүсвэр баталгаажсан талаар Нийслэлийн орон сууцны корпорциас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр Азийн хөгжлийн банк, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хамтран зохион байгуулсан “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сургалт  семинарын үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэр болон орлогод нийцсэн орон сууцны 9 төслийг танилцуулсан юм.

Нийслэл болон Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлэх Орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөрийн хүрээнд 10 мянган айлын орон сууц шинээр барих ажил 2020 онд албан ёсоор эхлэх юм байна. Төсөл зургаан жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдэгджээ. 

Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас уг төслийг дэмжиж 80 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлэх бол  Уур амьсгалын ногоон сангаас 145 сая ам.долларын эх үүсвэрийн 95 сая ам.долларыг нь 40 жилийн хугацаатай, эргэн төлөлтөөс 10 жил чөлөөлөгдөж жилийн 0.25 хувийн хүүтэй байхаар, 50 сая ам.долларыг нь буцалтгүй тусламжаар олгохоор болсон байна. Мөн Өндөр технологийн сангаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас уг төсөлд 35 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны банкуудаас 111.4 сая ам.доллар, төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд 131.8 сая ам.доллар, орон сууц худалдан авах иргэдээс 63.9 сая ам.долларын эх үүсвэрийг босгохоор төлөвлөсөн байна.

Өнөөдрийн байдлаар 570 сая ам.долларын эх үүсвэрээс 270 сая ам.долларынх нь зээлийн эрх үүссэн байгаа бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас уг төслийн бүтээн байгуулалтад үе шаттайгаар 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлжээ.

Энэхүү төсөл нь Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад, Толгойт дэд төвүүдийг түшиглэн баригдах юм байна. Энэхүү 10 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэхдээ нэг ам метр орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөсөн.

“Орлогод нийцсэн” гэдэг нь өрхийн амьдарч буй орон сууцны өртөг нь өрхийн орлогын 30 хувиас илүүгүй байх нөхцөлтэй юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна