Энэ оны есдүгээр сараас эхэлж, орон даяар үргэлжилсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган Төрийн ордонд болж байна.Чуулганыг Шадар сайд Ө.Энхтүвшин нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавив. Чуулганы Үндсэн илтгэлийг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тавьж, 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан, үр дүнг танилцууллаа.Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал, газрын зураг дээр байхгүй болгосон.
Сануулахад, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын тэмцлийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэж чадсан. Хоёр гаруй жил үргэлжилсэн тэмцлийг үргэлжлүүлж, энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болсон билээ. Хэлэлцүүлгээс томоохон үр дүн гарч, таван зүйл бүхий санаачилга, шаардлага боловсруулан ҮАБЗ, Засгийн газарт хүргүүлсэн.
Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Оюун-Эрдэнээр ахлуулсан шударга, олон талт, хараат бус ажлын хэсэг байгуулж, урт хугацаатай ажиллаж, 22 булаг шандад нэг бүрчлэн судалгаа явуулж, нэгдсэн дүгнэлт гарган, акт тогтоож, ажиллах шаардлага гаргасан.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын хүсэлт, шаардлага Засгийн газарт хүрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар багтсан Ажлын хэсэг Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олголтыг дахин хянах, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүргийг нийгмийн өмнө хүлээн, ажиллаж байгаа юм.
Түүнчлэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах саналыг өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгээс гарсан. Санаачилга ажил хэрэг болж, Хэнтий аймгаас эхлүүлэн дөрвөн сарын хугацаанд нийт 21 аймагт зохион байгуулсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр үр дүнгээ нэгтгэж байна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн жишгээр Монгол орноо тойрч, иргэдээ сонсож, хууль зөрчсөн бол төрийн сонорт хүргэх, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм.
17 000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Чингис хотоос эхэлж, зүүн гурван аймагт үргэлжлэхдээ уул уурхайг хариуцлагатай эрхлэх шаардлага тулгарсныг ил тод болгож байна.
Тухайлбал, Хэнтий аймаг дахь Гутайн давааны орчимд байрлах Гутайн бүлэг ордтой холбоотой асуудал юм. Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал, газрын зураг дээр байхгүй болгосон зэрэг анхаарал татсан асуудлууд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгээр нийгмийн сонорт хүрсэн.
Үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймагт болоход дорнодчууд Мэнэнгийн талаа төрийн хамгаалалтад авах саналыг төрийн чихэнд хүргэхийг хүссэн бол Сүхбаатар аймгийн иргэд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж буйгаа илэрхийлсэн.
Говь-Сүмбэр аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр 17 000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн нь ил болов. Нутгийн иргэд "Эйкүсора" нүүрсний уурхайд шүүмжлэлтэй хандаж байв. Аймгийн төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээсэн нь хариуцлагагүй уул уурхайн жишээ гэв.
Өмнөговьд улсын хэмжээний уул уурхайн 80 хувь нь энэ нутагт бий. Өмнөговьчууд уурхай бүхнийг эсэргүүцээгүй. Тавантолгойгоо ашигла. Оюутолгойгоо ашигтай болго гэж буй. Гэхдээ нэмж олон уурхай хэрэггүй гэдгийг дуу нэгтэй хэлж байсан.
“Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна” гэж Хүрмэн сумынхан үгээ хэлсэн.
Үндэсний хэлэлцүүгийн үеэр олон чухал асуудал яригдсан. Тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт барихыг иргэд эсэргүүцэж байсан. Гашуунсухайт, Шивээхүрэн гээд хоёр боомтоор автотээврээр нүүрс тээвэрлэхэд эдийн засагт мөнгө дагуулж буй ч байгаль орчин, нийгмийн ихээхэн сөрөг дагавартай. Нэмж боомт хэрэггүй гэж Өмнөговьчууд үзэж байна. “Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна” гэж Хүрмэн сумынхан үгээ хэлсэн.
Цогт-Овоо сумаас Цогтцэций хүртэлх замд нүүрс ачсан машинууд олон салаа замаар давхиж, үргэлжилсэн цагаан тоос манарч буй нь хүн, малын эрүүл мэндэд олон жил заналхийлж буй дүр зураг.
Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд хэлэхдээ аргаль, янгир, хулан, хар сүүлт гээд ховор зэрлэг амьтадтай нутагт нь төмөр замын зураг төсөл хийхдээ ард түмэнтэй огт уулзаагүй. Төмөр замын трассыг хаагуур явуулахыг нарийвчилж шийдэх ёстойг хэлцгээж байсан.
Оюутолгойн уурхайг дэрлэн оршдог Ханбогд суманд хамгийн их хомсдож буй зүйл нь ус болохыг сумын Засаг дарга болон нутгийн малчид, иргэд хэлж байв. Тэгвэл Үндэсний хэлэлцүүлгийн багийнхан Мандал-Овоо суманд Олон овоотын алтны уурхайн сүйтгэж хаяад орхисон газар, “Зөв зүг” компанийн жонш олборлох уурхайтай танилцсан юм.
“Монгол газар”-ын Ц.Мянганбаяр Олон овоотын уурхай нээж, алт ухаж байгаад “Алтжин” компанийн Г.Алтанд шилжүүлж, лиценз нь одоо банкны барьцаанд бий. Алтыг нь аваад авдрыг нь хаясан нөхцөл буюу хариуцлагагүй уул уурхайн тод жишээ эндээс харагдаж байсан. Алдарт Ханын хэц уулыг сүйтгэж, энд тэндгүй нүх, овоолго үлдээсэн нь уул уурхай эрхлэгчид дэндүү хариуцлагагүй байгааг илтгэж байлаа.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн 13 суманд хайгуулын, ашиглалтын 180 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 21 нь хууль, журмаа дагаж, үйл ажиллагаа явуулж буй тухай нутаг орны удирдлагууд хэлсэн юм.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12 мянган км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулахдаа Монголын нийт иргэдийн үг, байр суурийг төрд хүргэх гүүр боллоо. Монголын ард түмэн уул уурхайн салбараас ХАРИУЦЛАГА нэхэж буйг 35 удаагийн хэлэлцүүлэг харуулж байна.
Дашрамд тэмдэглэхэд, эхэнд дурдсан ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож, хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм.
Төрийн ордонд болж буй чуулган “Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” БОАЖЯ-ны мэдээлэл, “Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээллээр үргэлжилж байна. Мөн “Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, “Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл” сэдвээр “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Долгор, “Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд” сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, “Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая” сэдвээр “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал” сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, “Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь” сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм.
Чуулган 18.00 цаг хүртэл үргэлжилж, төгсгөлд нь зөвлөмж, шаардлага гаргана.
Сэтгэгдэл үлдээх