2014 "Баян-Өлгийд 1000 гаруй хүүхэд шарын вакциндаа хамрагдаагүй байна" | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

"Баян-Өлгийд 1000 гаруй хүүхэд шарын вакциндаа хамрагдаагүй байна"

2019-12-25 04:20:03 | 107 | 0


Баян-Өлгий аймагт дэгдсэн шар өвчний талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч Б.Энхтуяагаас тодрууллаа

-Одоогоор хэчнээн хүүхэд шар өвчний халдварт өртөөд байна вэ?

-Баян-Өлгий аймагт ХӨСҮТ-өөс хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шар өвчний дэгдэлтийн байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэн 1000 гаруй хүүхэд 1-7 насандаа хамрагдах ёстой гепатит А буюу шар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгадаа хамрагдаагүй гэсэн судалгаа гарч байна. Тиймээс эцэг эхчүүд нэн яаралтай бага насны хүүхдүүдээ хоёр настайд нь вакциндаа хамрагдсан эсэхийг нягтлаад  харьяа хороонынхоо өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй байна. Одоогоор 100 гаруй хүүхэд халдвар авсан.

 Засаг дарга А.Гюлымхан : Шар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 100 сая төгрөг төсөвлөлөө

-Манай аймагт “шар” өвчнөөр 100 гаруй хүүхэд өвчилсөн. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс аймагт баг ирж газар дээр нь ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд өнөөдөр нийт  аймгийг хамарсан 43 сургууль, 48 цэцэрлэгийн удирдлагуудыг хамруулсан сургалт тамгын газарт зохион байгууллаа.  Энэ үеэр шар өвчин аль сургууль цэцэрлэгт их гарч байгаа болон гарах болсон шалтгаан нөхцөл цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн.

 Өнөөдрийн байдлаар Дарын сургуульд шар өвчний 1 тохиолдол, 1-р сургуульд 1, 2-р бага сургууль дээр 1, 3-р сургуульд 1, 4-р сургуульд 1, 5-р сургуульд 5, оюунлаг алхам цэцэрлэгт 3, 11-р цэцэрлэгт 1, 2-р бага цогцолбор сургуульд 1, 4-р цэцэрлэгт 1, 8-р цэцэрлэгт 1 тохиолдол нийтдээ 100 гаруй шар өвчний тохиолдол бүртгэгдээд байна.

Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа учраас  манай аймгийн ЗДТГ ЭМГ БСУГ МХГ хамтран ажиллаж вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулж байна. Шар өвчин гарах болсон шалтгаан нь бохир гараар дамжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ 1 болон 2 настай үед  нь шар өвчний вакцинд хамруулаагүйн улмаас үүдэлтэй гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.

Иймд сургууль цэцэрлэг тус бүр вакцинд хамрагдсан хүүхдүүдийнхээ бүртгэлийг эргэн харж, хамрагдаагүй хүүхдүүдийн тоог яаралтай тодорхойлохыг бид үүрэг болголоо. Харин эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн ягаан дэвтрийг эргэн харж, вакцинд хамруулаагүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ нөхөн хамруулахыг зөвлөж байна. Нэг хүүхдэд тарих вакцины төлбөр 22 мянга төгрөг. Одоогийн байдлаар вакцинд хамрагдаагүй 1000 гаруй хүүхэд байгаа гэсэн тойм мэдээ гарсан. Эдгээр хүүхдийг вакцинд хамруулахад шаардлагатай 100 гаруй сая төгрөгийг бид орон нутагтаа шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна