2014 О.Батсайхан: Баабар, Цэнддоо хоёр бол сонирхогч | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

О.Батсайхан: Баабар, Цэнддоо хоёр бол сонирхогч

2019-12-25 04:30:12 | 73 | 0


О.Батсайхан: Баабар, Цэнддоо хоёр бол сонирхогч

Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.

-Бидэнд өөрсдийн түүхээ үнэн зөвөөр танин мэдэх хүсэл эрмэлзэл бий. Тиймээс Монголынхоо түүхийг үнэн зөв, эмх цэгцтэй, системтэй мэдье гэвэл энгийн иргэд  хэрхэн мэдэх ёстой юм бэ?

-Монголын түүхийн талаар гарч буй олон зохиол бий. Гэвч энэ цаг үед үнэн худлыг ялгахад бэрхтэй тоо тоймгүй олон ном гарах болжээ. Түүхээсээ холдсон (эсвэл холдуулсан) бидэнд тун ч хэцүү зүйлийн нэг энэ байж магад. Учрыг сайн ялгахгүй болохоор эхэлж харсан болгон үнэн болж харагдаад байж мэдэх юм даа.  Зөвхөн нэг ном уншсанаар мэдлэгтэй болохгүй, заавал харьцуулж үзээрэй л гэж хэлье дээ. Эх сурвалж хэр зэрэг ашигласныг анзаарч байхад гэмгүй.

-Иргэд эх түүхээ тэр бүр мэддэггүй. Түүхийн боловсролыг нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс  хэрхэн яаж ажиллаасай гэж та боддог вэ мэргэжлийн хүний хувьд?

-Хүүхэд байхад нь монгол байх үнэт зүйлсийг нь суулгах хэрэгтэй байх. Монгол үндэстний үнэт зүйлс болсон эх хэл, эх түүх, соёл, уламжлал тэргүүтнээ бага байхаасаа уг үндсийг нь мэдэж өсвөл том болоод юуг эрхэмлэх учиртайгаа ялгах чадвартай болно. Дундаас дээш насныхан бол цаг үеийн үзэл суртлаас болоод энэ чадвараа алдсан ч байж мэднэ. Тиймээс Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа сургуулийн өмнөх наснаас эхлэн тууштай дэс дараатай тууштай мэдлэг олгох хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх явдал чухал байх. Төрийн бодлого байгаа гэж хэлэх байх. Тэгвэл яам, тамгын газраас, боловсрол, соёлын байгууллагаас өөр хоорондоо уялдаатай цэгц ном, зохиол, хялар хүрэх товхимол, кино, уран зохиол, урлагийн бүтээлүүд хийвэл сайнсан даа. Төрийн заавал оролцоотой хийх ажил бол энэ шүү. Энэ бол монгол үндэстний амин шалгуурыг тэтгэж байгаа болохоор ийм зүйлд гар татахгүй байвал сайнсан.

-Монголын түүхийг түүхчид хэр их системтэй судалсан байдаг вэ. Нэгдсэн ойлголт байдаг уу?

-Түүхчид Монголын түүхийг тодорхой хэмжээнд судалж ирсэн шүү дээ. Гадаадын монгол судлаачид, манай өөрийн түүхчид тодорхой хувь нэмэр оруулж ирсэн юм.  Гэвч монгол үндэстэн үнэхээр баялаг түүхтэй улс юм. Өнөөгийн Монголчууд бидний нэг том баялаг энэ байх. Дэлхийн хаана ч очсон Эзэн Чингисийн үеэс эхтэй монголчуудын баатарлаг түүхийг бол ярьдаг. Судлагдсан тухайд бол илүү эрэл хайгуул хийж судлах хэрэгтэй байхаа. Учир нь социализмын жилүүдэд ерөнхийдөө өмнөх түүхээ үгүйсгэх хандлага байсан, бас ч Монголын түүхийг өнөөгийн Монгол улсын хэмжээнд авч үзэх, эсвэл Өвөр Монголын хэмжээнд авч үзэх гээд байгаа тал бий. Түүх шинжлэх ухаан юм бол олон ургалч үзэл бол ямагт байх учиртай. Аливаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрээд зогсоно гэдэг бол шинжлэх ухаанд харш гэж ойлгож болно.

-Тийм үг байдаг юм. Түүхгүй ард түмэн л тэр үгийг гаргасан байх. Бид бусад үндэстнээс ялгарах нэг онцлогтой. Тэр нь бидний баатарлаг түүх. Энэ бол бидний баялаг, гадаад ертөнцөд тахалж буй нүүр царай минь шүү дээ. Тиймээс энэ үүднээс нь түүхээ үнэн зөвөөр нь судлахад, түүнийгээ өргөн олондоо хүргэж таниулахад бусдаас илүү хөрөнгө мөнгө гаргах учиртай. Түүх бол ой санамж, тиймээс ой санамжаа ямагт сэргээж ажиллуулж байх учиртай. Түүх бол тэр үндэстний чиглүүлэгч нь шүү.

 

-Нийслэл хотод байгаа түүхэн дурсгалт газар, мөнхүү түүхэн үйл явдлын гэрч болсон барилга байгууламжууд их бий. Түүний нэг нь Богдын шар ордон. Гэвч эдгээрийг нурааж шинэ барилга барих, өөр зориулалттай ашиглах, харах орчныг таглах явдал бишгүй гарах боллоо. Үүнд та хэрхэн ханддаг вэ?

-Загатнасан газар маажих шиг боллоо. Нийслэлчүүд бид Богдын хүрээнд байгаа юм шүү дээ уг нь. Богдын хүрээ маань тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн 1911 оноос Монгол Улсын нийслэл болсон юм. Улмаар 1924 онд Улсын анхдугаар их хурлаас Баатар хот болгохоор зэхтэл Коминтерний төлөөлөгч Т.Рыскуловын санаачилгаар Улаан баатар болчихсон. Энэ бол коммунизмын улаан өнгийг хэлж байгаа. Өнөөгийн Улаанбаатар хотод Богдын хүрээнээс үлдсэн зүйлс тун бага байгаа. Богдын шар ордон хэдийн үгүй болсон. Богдын шар ордон МУИС-ийн 1,2,3 дугаар байрны орчинд байрлаж байсан. Харин Богдын ногоон ордон буюу бидний мэдэх Богд хааны ордон музейн эргэн тойрныг өөрөө хэлж байх шиг байна. Энэ бол түүхэндээ хандаж буй бидний гутамшигт хандлага. Монголд буй хааны цорын ганц ордон. Эргэн тойронд нь өндөр байшингаар дүүрч, эргэн тойрон газраас нь хумсалж дууслаа. Арай л нураагаад өндөр шилэн байшин барих нь холгүй байна. Монгол Улс бусадтай адил шилэн байшин дунд байх нь дээр юм уу өөрийн өнгө төрх, уламжлал соёл тэргүүтнээ хадгалсан улс байх нь илүү юу гэдгийг бодох хэрэгтэй байна.

-Түүхчид судалсан асуудлаараа нэгдсэн ойлголтод хүрээгүй нь олон баримтаас харагддаг. Энэ нь иргэд  бидний толгойг их эргүүлдэг. Жишээ нь Цэдэнбалын тухай баримтад нэвтрүүлгийг үзэхэд миний өмнө нь уншиж байсан номын агуулгаас тэс өөр түүхийг  гаргаж байх жишээтэй?

-Энэ бол ХХ зууны Монголын түүхийн асуудалтай шууд холбоотой асуудал. Түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байлаа. Одоо ч гэсэн энэ үзэгдэл яваад байна. Аль ч утгаар нь аваад үзсэн түүх бол бидний үнэт зүйлс. Эх түүхийн сайн ч миний багш, саар нь ч бас миний багш гэдэг эртний мэргэдийн хэлсэн үг бий шүү дээ.

-Та бүхэн Ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар Монголын түүхийн 6 боть номыг эмхтгэн гаргасан. Номынхоо талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Түүхээ мэдэх хэрэгтэй байна. Өөрийгөө таних цаг болжээ гэсэн үүднээс эдгээр номуудыг хэвлэсэн гэхэд болно. Монгол Улсын мэргэн сайд А.Амар гуайн санаачилгаар хийгдэж байсан ажил. Тухайн үеийн байдлаас болоод зарим зохиол нь хэвлэгдсэн, бас тэднийг хэлмэгдүүлсэн юм. Тиймээс түүнийг үргэлжлүүлэх нь монгол үндэстний эрх ашигт чухал хэмээн үзэж эдгээр номуудыг монгол хүн бүрийн ширээний ном байгаасай хэмээн хүссэн хэрэг.

Эхлээд 6 ботиор хэвлээд дараа нь нэг боть нэмээд монгол үндэстний туулж ирсэн замналыг бүрэн хамруулахыг хичээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн Монголын эх түүх цуврал зохиолд дараах бүтээлүүдийг гар бичмэлийн хамт хамруулсан болно. Үүнд:

1. А.Амар Монголын товч түүх

 

2. Б.Ишдорж Монгол улсын хураангуй түүх

3. Л.Дэндэв Дундад үеийн Монголын түүх

4. Б.Буянчуулган Манж, монгол холбогдсон түүхт байдал

5. Н.Магсаржав Монгол улсын шинэ түүх

6. Л.Дэндэв Монголын товч түүх

7. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид Монгол ардын үндэсний хувьсгалын анх

үүсэж байгуулагдсан товч түүх

-Иргэдийн дунд  түүхийн талаар түгээмэл, нэгдсэн ойлголт байдаггүй. Энэ юун даа байна. Түүхчид дээ байна уу, хариуцсан яамандаа байна уу?

-Чиний хоёр нүд бүлтийж байгаад өөрийн уг үндэсний түүх бичиг ба сэдэг судраа үл үзэн, урьдах дээдсээ, угсаа эгнээ үл мэдэн, хүн бөгөөд үндсээ үл мэдэх нь адгуус буюу.

Тайж бөгөөд өвөг юүгээ үл мэдэх нь мал буюу.

Нүд буй бөгөөд түүх юүгээ үл үзэх нь сохор номин буюу.

Мэдэлтэй бөгөөд язгуураа үл сэтгэх нь мунхаг гахай буюу хэмээн их эрдэмтэн Инжинаш бичжээ.

Энэ бол биднийг хэлж буй бус уу. Их эрдэмтэн эдгээр үгсээ 1840-өөд онд бичсэн буй.

Бидэнд үндэсний үзлээрээ нэгдэж амжилтад хүрсэн түүхэн туршлага бий. Бидний эзэн Чингисийн дэлхийг байлдан дагуулсан баатарлаг түүх.

Бүр наашилбал, 1911 оны Үндэсний хувьсгал, түүний үр дүнд Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, дэлхийн дахинд тунхагласан.

“Эрдэмтэн сайд угаа үл умартмуй” хэмээн төрийн түшээдэд хандан,  “Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй” хэмээн бүх монголчууддаа хандан их эрдэмтэн Инжаннаши  бээр тэртээ 1840-аад онд сургаал айлдсан буй. Мэдээж энэ бол нийт монголчуудад нийтлэг хандсан үгс. Монгол Улсын төр өнөөгийн хүмүүсийнхээ оюун санааны төвшинд бодитой дүгнэлт хийж, үндэсний түүх, үнэт зүйлсээ дээдлэх талаар илүү санаачилгатай, дорвитой зүйлсийг хийх хэрэгтэй байгаа. Эс чингэвээс монгол үндэстэн өнө удаан оршихын баталгаа үгүй болно.

-Нэн эртнээс авахуулаад орчин үеийн түүхийн судалгаа Монгол улсад хэр зэрэг хөгжсөн гэж харагддаг вэ. Яагаад үүнийг асууж байна вэ гэвэл сүүлийн үед тодорхой түүхэн цаг үеүд дээр маргалдах нь ихэссэн?

-Түүхийн судалгааны төвшин гэвэл эрдэмтэн Ш.Нацагдорж гуай Монголын түүхийн судалгаа 1950-иод оны дунд үе хүрээд зогсонги байдалд хүрсэн хэмээн дүгнэснийг хожим Германы монголч эрдэмтэн Удо Баркман гуай ч бас үнэнтэй хэмээн хэлсэн байдаг юм. Энэ бүхэн бол мэргэжлийн төвшинд Монголын түүхийн судалгаа сайн хийгдэхгүй байна л гэсэн үг байх.

 

-Монголын түүхийн боловсролд хариуцсан яам нь хэрхэн ажиллаж байгаа гэж та дүгнэх вэ?

-Зарим нэгэн санаачилгыг эс тооцвол Монголын түүхийн боловсролд хариуцсан яам нь хариуцлагагүй хандаж байгаа. Дэс дараалсан, цэгцтэй бодлого байхгүй, яамны цөөн тооны түшмэл санаа зовох боловч тэр нь ажил хэрэг болох нь хомс. Түүхийн асуудалд маш их хүнд суртал гаргаж, аймхай, хулчгар, үлбэгэр байдалтай ханддаг.

-Баабар, Цэнддоо нар түүхийн асуудлаар энгийн, нийтлэл маягийн бүтээл бичсэн. Мэргэжлийн хүмүүс нь үүнийг шүүмжилдэг. Түүхийг хэн дуртай нь бичих ёстой юм уу...?

-1990 оны дараа монголчуудын түүхэнд хандах хандлага өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь хаалттай байсан түүхээ мэдэхийг хүсэх болсон. Ийм нөхцөлд Монголын түүхийг бичиж хүргэх явдал маш хурдацтайгаар тавигдсан гэж хэлж болно. Харин судалгааны байгууллага бол энэ хурдыг гүйцэж чадаагүй. Тиймээс олон хүмүүс энэ ажил руу хошуурсан. Энэ хүмүүсийг шүүмжлэх нь утгагүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүс өөрснөө ажлаа сайн хийх хэрэгтэй. Өнөөдөр мэргэжлийн байгууллага, сонирхогчдын хооронд ялгаа байгаа юм уу гэмээр харагдаж байгаа. Уг нь мэргэжлийн хүмүүс цагийн шалгуураар цөөхөн байдаг шүү дээ, тэдний бүтээл зохиол чанартай, судалгааны төвшинд бичигдсэн байх учиртай. Ийм шаардлагыг сонирхогч хүмүүст тавьж болохгүй. Энэ хоёр бол өөр зүйл. Мэргэжлийн хүмүүс ажлаа сайн хийгээд ирвэл энэ ялгаа харагдана. Бас мэргэжлийн ном худалддаг номын дэлгүүр, сонирхогчдын ном худалддаг номын дэлгүүр тус тусдаа байвал ялгаж, салгаж авахад хялбар дөхөм бус уу.

-Сүүлийн үед гарч байгаа түүхэн кинонуудыг хэрхэн дүгнэх вэ?

-Түүхийн кинонууд гарах хандлага байгаа. Энэ бол сайн үзэгдэл. Бид бусдаас ялгарах түүхтэй учир түүхийн сайн кино олныг хийх хэрэгтэй. Харамсалтай нь судалгаа байхгүй учраас цагийн шалгуур даах кино бага гарч байгаа.

-Зохиол бүтээлтэй холбоотой асуудалд эргэн оръё. Сорхугтани Бэхи хатан болон Ану гэх мэтчилэн түүхэн зохиолууд ихээр гарах боллоо. Авууштай болон шүүмжлэлтэй тал байна уу?

-Түүхээ мэдэх гэсэн хүмүүсийн сонирхол. Энэ орон зайд хийж буй уран зохиолчдын тоглолт шүү дээ. Хандлага нь зөв. Түүхээ мэдэж, өөрийгөө таних нь туйлын чухал. Ганцхан судалгаа байхгүй учраас цагийн шалгуур даах уран зохиол тийм олон биш гэж харж байгаа. Бид аливаад яаруу, хурдан, юманд гоомой ханддаг болжээ. Тийм болохоор санаа нь зөв ч алдаа гаргах нь элбэг байх юм.

-Гаднын кинонд Монголын түүхийг харуулахдаа бодит байдлаас хэтэрхий зөрсөн, эсвэл манай үндэсний соёлыг гуйвуулсан нэлээд баримт бий. Гэтэл төрөөс үүнд анхаарал хандуулахгүй байгаа тал ажиглагддаг. Түүхч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Эхлээд монголчууд бид өөрсдөө сайтар үндэсний түүх соёлоо дээдэлж, эзэмших хэрэгтэй байна. Чингэвэл хэн хүн гаднаас ирээд таны гэрт, та бидний хойморт заларч үнэт зүйлсийг маань гутаахгүй шүү дээ. Бид монгол үндэстнийхээ эрхэм зүйлсээ өөрийн амьдралын хэв шинж, соёл болгож, дээдлээд ирвэл хэн ч байсан хүндлэх болно. Бид үнэхээр сайн судалгаатай, түүнийхээ төвшинд өөрийн баатарлаг түүхээ гаргаж чадвал түүнийг дэлхий дагах болно. Мөхөж байгаа ард түмэн түүхтэйгээ зууралдаж эхэлдэг гэсэн үг бий. Сүүлийн үед Монголчууд өнгөрсөн  түүхтэйгээ их зууралдах боллоо. Түүхээ эргэн санахыг үгүйсгээгүй ч арай их туйлшраад байгаа юм шиг харагддаг.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна