Ойн сан бүхий нутгаас 400 ширхэг зулзган нарс мод авчран, худалдахыг завджээ

2020-06-15 03:31:01 | 1013 | 0


Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авчран бусдад худалдахыг завдсан хэргийг илрүүллээ.

Монгол улсад бүртгэлтэй “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн “С” ХХК Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10.000 төгрөгийн төлбөр төлж авсан байжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113.347.200 төгрөгийн хохирол учирчээ.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340.041.600 төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна