Нэгдүгээр ангид 2014 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ

2020-07-29 08:26:13 | 65 | 0


Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл болон нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг цахимаар бүртгэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж байна. Иймд цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэлтэй холбоотой зарим мэдээллийг тоймлон хүргэе.  

Нийслэлийн 140 сургууль хүүхдүүдээ цахимаар бүртгэнэ

ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах хүүхдүүдийг цахимаар бүртгэх анхны туршилтыг өнгөрсөн онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд зохион байгуулжээ. Туршилт амжилттай болсон учраас энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 140 сургуульд нэвтрүүлэх талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.  Цахимаар бүртгэх нь мөн "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд иргэд, хүүхдүүд бөөнөөр цуглахгүй байх боломжийг олгож буй аж.  Хүүхдүүдийг хэдийнээс бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Н.Батбилэгээс тодруулахад, "Бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлж, 28-ныг  хүртэл үргэлжилнэ. Энэ жил 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ. Таван настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй. Цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрт ажиллаж байна" гэв.  Мөн иргэдийг www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар элсэх боломжтой. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байна гэв.
Өнгөрсөн жил нийслэлд нэгдүгээр ангид 37579 хүүхэд суралцаж байсан бол энэ жил 39439 хүүхэд суралцах судалгаа гарч элсэх хүүхдийн тоо 1800-гаар нэмэгджээ. 

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлнэ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлж, 25-ны өдөр дуусах ажээ.  Одоогоор  tsetserleg.ulaanbaatar.mn цахимд шинэчлэл хийж байгаа тул нэвтрэх боломжгүй байгаа юм байна. 2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2018 онд төрсөн хоёр нас болон 3-5 настай хүүхдүүдийг цахимаар бүртгэх юм байна. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн наймдугаар сарын  15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг сануулж байна. Учир нь цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт л хуваарилдаг гэдгийг сануулъя. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Туул

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна