2014 УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана

2015-02-25 11:27:35 | 1002 | 0


Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.25/ үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана.

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарын товч намтар

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд Японы нийслэл Токио хотод төрсөн. 75 настай. 1952 онд Гакушюин сургууль, 1956 онд Гакушюин Их сургуулийг улс төр, эдийн засгийн мэргэжлээр төгссөн.

1952 онд насанд хүрч, Японы үе залгамжлагч Хунтайжаар өргөмжлөгдсөн.

1953 онд Английн Хатан хаан Елизабета-2-ыг хаан ширээнд суух ёслолд Японы Эзэн хааны төлөөлөгчөөр оролцож, энэ үеэр Баруун Европын 4 орноор айлчилсан.

1959 онд Хатан хаан Мичикотой гэр бүл болсон. Эзэн хаан гадаадын оронд айлчлах болон Японд зохиогдож буй олон улсын арга хэмжээнд оролцохдоо соёл, боловсрол, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг ихэд сонирхон танилцдаг ажээ.

Эзэн хаан Акихито нь хаан Хирохитог 1989 онд нас барсны дараа 1990 онд Япон Улсын Эзэн хаанд албан ёсоор өргөмжлөгдсөн.

1947 онд батлагдсан Японы шинэ үндсэн хуулиар Эзэн хааны улс төрийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, түүнийг төрийн билэг тэмдэг хэмээн өргөмжилсөн ба үүний дагуу тэрээр Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг.

Эзэн хаан Акихито англи хэлийг сайтар эзэмшсэн, ардчилсан үзэлтэй, даруу зөөлөн зан төрхтэй хүн хэмээн үнэлэгддэг. Хаан ширээг залгамжлан авахдаа “Үргэлж ард түмэнтэйгээ хамт байж, Үндсэн хуулийг ёсчлон сахина” гэж мэдэгджээ.

Эзэн хаан загас судлал сонирхдог. 3 хүүхэдтэй. Хааны үе залгамжлагч Хунтайж Нарухито 47 настай, Ханхүү Фүмихито 42 настай, Гүнж Саяако 34 настай. Гүнж Саяако энгийн япон иргэнтэй гэр бүл болж, Эзэн хааны албан ёсны гэр бүлийн гишүүн хэмээн нэрлэгдэхээ больсон.

Япон Улсын Эрхэм дээд Хатан хаан Мичико 1934 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Токио хотод төрсөн. Нишшины Гурилын үйлдвэрийн эзэн Хидэсабуро Шода болон гэргий Фумико Соэжима нарын том охин юм.

Футаба дунд сургуульд сурч байсан хэдий ч Дэлхийн 2 дугаар дайны үеэрх Америкийн бөмбөгдөлтийн улмаас 4 дүгээр ангиасаа сургуулиасаа гарахад хүрсэн. Дайны дараа тэрээр сургуульдаа эргэн сурч, Токиогийн Сэйшин хэмээх ахлах сургууль, Сэйшин их сургуулийн Утга зохиолын ангийг тус тус дүүргэсэн.

1957 оны 8 дугаар сард Угсаа залгамжлах Ханхүү Акихитотой теннисийн талбай дээр танилцсан. 1959 оны 4 дүгээр сарын 10-нд гэр бүлээ батлуулсан. Японы Эзэн Хааны гэр бүлийнхэнтэй гэр бүл болсон энгийн гаралтай анхны хүн болж байсан бөгөөд тухайн үеэд энэ талаар Японы хэвлэл мэдээллээр багагүй дуулиан болж байсан.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар ордны асрагч нарт даатгалгүйгээр өөрсдийн гараар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ хэмээн мэгэдэж байсан нь Эзэн хааны ордны тогтсон ёс жаягийг эвдсэн бас нэгэн шинэлэг зүйл болж байсан байна.

Ханхүү Акихито, Гүнж Мичико нар 40 орчим оронд айлчилсан.

1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ханхүү Акихито Японы 125 дахь Эзэн Хаанаар, Гүнж Мичико Эрхэм дээд Хатан хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд ийнхүү өргөмжлөгдсөнөөсөө хойш 20 орчим оронд зочлоод байгаа. Хамгийн сүүлд 2007 онд Балтийн орнуудад айлчлаад байна.

 

      УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй

харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна