Хааяа нэг дотор хүнтэйгээ ярих, өөрийгөө чимээлэх үе байдаг. Энэ цаг хугацаа танд хэр их байдаг вэ? Та өөртэйгөө хэр ярилцдаг вэ?
-Хааяа дотор хүнтэйгээ ярина. Сэтгэл хөдлөлөө ч гаргана. Ээж аавыгаа санасан үедээ чимээгүйхэн уйлна, элдвийг эргэцүүлнэ.
-Долгорсүрэн гэдэг хүнийг цөөн үгээр тодорхойлбол?
-Өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Сэтгэл, зүрхээ дагахыг хичээдэг. Энгийн, нийтэч байх дуртай тийм л нэгэн. Аливаа зүйлд сэтгэл зүрхээрээ хандахыг хүсдэг.
-Танд байгаа хамгийн үнэтэй зүйл?
-Гэр бүл минь. Сайхан мэргэжил минь.
-Таниас гарч байгаа үгийн дийлэнх нь ажлын тань тухай байна. Та ажил дээрээ хэр цагийг өнгөрөөдөг вэ?
-Би ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг. Өглөө гараад л гэртээ орой үдэш орох тохиолдол цөөнгүй шүү.
-Ханийн хайрын тухай яръя. Хүчирхэг эмэгтэйн цаана сайн хань байдаг гэж би боддог?
-Миний хань Гантулга уул уурхайн инженер мэргэжилтэй, одоо Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд ажилладаг. Миний сайн зөвлөгч, бас шүүмжлэгч. Хазайхад түшиж, баярлахад нь хөөрч нэг биений тал болсон сайхан ханийг надад бурхан өгсөн. Манайх хүү, охин хоёртой. Манай гурав надад үе үе сонин сайхан сюприз барьж баярлуулдаг.
-Та хүнд сюприз барих дуртай тэ?
-Би хүнийг гэнэт баярлуулах дуртай. Сюприз барих үед тухайн хүнээс гарч байгаа сэтгэл хөдлөлийг нь хараад өөрөө их баярладаг.
-Та 5 ээжтэй гэж ярьж байсан…?
-Бурханы оронд байгаа миний ээж, ханийн минь ээж, ээжийн минь оронд ээж болж үлдсэн ганц эгч маань байна. Мөн ханийн минь аавынх нь ээж, ээжийнх нь ээж бий. Би олон ээжтэй.
-Ер нь ээжээ гэж дуудуулах мэдрэмжийг та юутай зүйрлэх вэ?
-Хүн бүр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ “Ээжээ” гэж уулга алддаг. Ээжээ гэж хэлэх тоолонд ямар нэгэн аюулаас авардаг ч юм уу, “ээжээ” гээд залбирахад ямар нэг аюулаас тойрдог. Эх хүн болсны дараа сэтгэл зөөлөн, их уяхан болдог юм билээ.
-Гуниглах, гутрах үедээ энэ байдлаасаа хэрхэн гардаг вэ?
-Гуниглах үедээ ганцаараа байх дуртай. Хааяа найз нөхөдтэйгөө хамт байж, ярилцаж, сэтгэлээ уудлах үе ч байдаг.
Би айлын бага охин шүү дээ. Ганцаардах үедээ аав, ээжийгээ бодох үе байдаг. Аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн тэр сайхан үеүдээ бодоход их сайхан дотор онгойчихдог. Нарны цацрагт миний ээж бий гэж бодож, сүсэглэж, залбирдаг даа. Тэнгэрт байгаа тэд минь охиноо харж байгаа. Замыг минь гэрэлтүүлж, засаж байгаа гэдэгт итгэдэг. Миний бурхад аав, ээж минь юм.
-Аав, ээжийнхээ зан чанарыг өвлөсөн гэж хүмүүс танд хэлдэг үү?
-Намайг хүмүүс ээжтэйгээ их адилхан гэдэг. Эгчийг минь аавтай илүү адилхан гэдэг. Ээж маань их дөлгөөн хүн байсан, жинхэнэ “Гэрийн менежер” гэж хэлж болно. Хүүхдүүд биднийгээ үнэнч шударга байгаарай, зөв хүнд тусалж, буян болж яваарай гэж их захидаг байсан.
-Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ барьдаг таны зарчим?
-Сайн мэдлэг хуримтлуулаад авчихвал насан туршдаа өөрийгөө тэжээнэ. Бас зөв хүн байх нь чухал. Ахмад хүнийг хүндэлдэг, үнэнч шударга, хүнд тусархуу, мэдлэгтэй байх хэрэгтэй гэж захидаг даа.
-Өнөөгийн залуучуудаас ямар хүлээлт байдаг вэ? Зарим тохиолдолд голох, зарим тохиолдолд таашаах үе байдаг байх?
-Үе үеэрээ л байна. Бидний үеийнхэн арай даруулгатай, дэг журамтай, ахмад хүмүүсийн өмнөөс үг хэлдэггүй. Мөн нэрэлхүү зантай. Энэ нэрэлхүү зан хүнд хэрэгтэй л зүйл. Зарим залуус ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй, эзэн болдоггүй зан чанар ажиглагддаг. Мөн тэсвэр хатуужил муутай болсон юм уу даа гэж боддог.
Сайн тал нь одоо үед богино хугацаанд маш их зүйлийг мэдэх боломжтой болсон байна. Мэдээллийн суваг нь нээлттэй, өөрийгөө дайчилбал сурч мэдэх боломж байна. Шинэ залуу өндөр боловсролтой, зан харьцаа сайтай, мэдлэгтэй мэргэжилтнүүдээс сурах зүйл их байна. Комьпютер техник хангамж, программын тал дээр ажиллах, харилцааны тал дээр авах зүйлүүд их байна.
-Хүнийг хараад хамгийн түрүүнд юуг нь мэдэрдэг вэ? Энергийн талаар таны ярьсан нэлээд зүйлийг сонсож байсан юм байна?
-Энергийн тухай ярих дуртай. Энерги байдагт итгэдэг. Их сайхан энергитэй хүмүүс цаанаа нэг өөр байдаг. Би удирдах ажил нэлээн олон жил хийлээ. Ажилтануудаа сонгохдоо шударга, өөрийгөө илэрхийлэх чадвар, хүн чанар, хичээнгүй, зүтгэлтэй эсэхийг нь нэн түрүүнд олж харахыг хичээдэг. Мөн өөртөө итгэлтэй байдал маш чухал. Ер нь өөрийнхөөрөө байгаа хүн надад их таалагддаг.
-Таны амьдралд хамгийн их тус дэм болж байсан хүн? Өөрөөр хэлбэл нандин хүний тань тухай асуугаад байна л даа? Танд нандин хүн бий юу?
-Байлгүй яахав. Хамгийн түрүүнд аав, ээж, гэр бүлийнхэн, хань үр хүүхэд, ах эгчийгээ хэлнэ. Анхны А үсэг заасан багш н.Алтанцэцэг,10 дугаар анги төгсгөсөн багш Д.Дэлгэрсайхан, мөн их сургууль төгсгөсөн багш нар маань байна. Намайг анх банкны салбарт ажилд авсан, Голомт банкны салбарыг Эрдэнэт хотод анх байгуулж анхны захирлаар нь ажиллаж байсан Э.Содномжамц гээд оюутны нэг ангийн залуу бий. Голомт банкинд ажилд орж байхад ерөнхий нягтлан бодогч, дараа нь салбарын захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа гэж бүсгүй бий. Б.Батзаяа маань насаар надаас дүү ч чадварлаг удирдагч, мэдлэгтэй багш маань байлаа. Би энэ хүмүүст маш их баярлаж, талархаж явдаг. Ер нь хүмүүс хэзээ хэн явснаа, хэн болоход хэн тусалсаныг хэзээ ч мартаж болохгүй. Дэм дэмэндээ гэдэг ч үнэн үг шүү. Эрхэм хүмүүсийнхээ итгэл сэтгэлийг дааж, зөв амьдарч явахыг хичээж л явна даа.
-Гал энерги дамжуулах ид шидтэй. Та лаа сонирхдог байхаа?
-Энергийн талаар сонирхож, бодлоо зөв байлгаж, сайхан энергитэй байхыг хүсдэг. Лаа агаарыг цэвэрлэхээс гадна хүний энергийг нэмж өгч байдаг. Лаа өнгө өнгөөрөө өөр утга агуулгатай. Гал бол гэрэл гэгээ учраас муу зүйл байдаггүй. Галын дөл өөдөө, гал голомт минь гэж Монголчууд бид ихэд билэгшээдэг. Би “Голомт” банкнаас ажил амьдралынхаа гараагаа эхэлсэн, ер нь их билэгшээдэг гэхүүдээ. Өдрийн ихэнх цаг ажил дээр өнгөрдөг учраас өдөр бүр би зул өргөж чадахгүй ч өрөөндөө лаагаа асааж тэнгэрт байгаа ээж, аав, ахынхаа замыг гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл, лааг би зул гэж ойлгодог.
-40 гаруй бүсгүйчүүлтэй нэгэн зорилгын төлөө нэгдсэн. Энэ сонголтынхоо талаар хуваалцвал?
-2014 оны 6 дугаар сард “Эрдэнэт сороптимист клуб” хэмээх байгууллагад гишүүнээр элсэж орсон. Энэ байгууллагын гишүүн болсондоо өөрөөрөө бахархдаг шүү. Г.Энхсайхан ерөнхийлөгч эгч минь эгэл бөгөөд агуу хүн. Бидний 40 гаруй бүсгүйчүүдийг нэгэн зорилгын төлөө нэгтгэж, зангидаж чадсан чадварлаг, ухаалаг бүсгүй. Энхсайхан эгчтэй Голомт банкинд ажиллаж байх үед танилцсан. Манай байгууллагын харилцагч байсан. Бид хааяа албан ажлынхаа завсараар, хүнлэг энэрэнгүй үйлс, буян заяа, хүүхэд эмэгтэйчүүдийн талаар элдвийг л ярилцдаг байлаа. Энхсайхан эгч клубын талаараа үе үе их яринаа. Ээж, аав маань хүнд тусалж, буян болж, сайн сайхан амьдрах талаар их ярьж, захидаг байлаа, би ч гэсэн их л буянтай ажил хийхсэн гэж боддог байсан. “Эрдэнэт сороптимист клуб”-ын зорилго, үйл ажиллагаа миний энэ зорилготой минь ихэд нийцсэн. Бид өдөр бүр буян хийж байгаа гэж бодож баярлаж явдаг. Манай клубынхэн дайчин, сэтгэл санаагаа сайн ойлголцдог. Бурханаас надад илгээсэн бэлэг гэлтэй гал цогтой найзууд, эгч дүүс минь.
-Та хамгийн жаргалтай мөчөө дурсаач?
-Аав ээжтэйгээ байх үе сайхан, хань ижил хүүхдүүдтэйгээ амралтаараа ая тухтай байх бас жаргалтай. Жаргалтай сайхан мөч олон л байна.
-Залуу ээж буюу эгчийнхээ тухай ярьвал?
-Эгч минь миний амьдралыг гол чиглүүлэгч. Намайг сайн хүмүүжүүлсэн. Багийн л сэргэлэн цовоо, манлайлагч хүүхэд байсан. Аав, ээж минь ч эгчийн үгийг л сонсоно. Их сургуульд элсэх жил миний эгч ОХУ-д оюутан байсан. Аав, ээж руу утасдаад С.Долгорсүрэнг МУИС-ийн банкны эдийн засгийн ангид шалгалт өг гэж хэлээрэй гэсэн. Гадаад хэлний мэргэжилтэй болно гэж бодоод шалгалт өгнө гэж бодож байсан ч би орос хэл бас математикаар шалгалт өгсөн. Ингээд 250 гаруй хүүхдээс нэгдүгээрт жагсаж банкны ангийн хуваарийг авч байлаа. Их сургууль төгсөөд эгчийгээ бараадаад Эрдэнэтэд ирсэн. Миний эгч их дайчин, ажлыг сэтгэлээсээ хийдэг, эгэлхэн хүн. Миний эгчийн нэр С.Должинсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн соёл, олон түмний арга зүйчээр ажилладаг. Ер нь намайг зовох, баярлах үед надад тус дэм болж, зөвлөж ээжийн хайрыг үзүүлж явдаг агуу хүн дээ. Би хүргэн ахындаа очих их дуртай. Ахынд минь манай ээжийн авдар байдаг. Ээж маань авдараа онгойлгоод амттанг өгөхөд сэтгэл ханамж 100 хувьд хүрдэг байлаа. Багадаа авдар руу нь толгойгоо хийчихээд чихэр дундаас хамгийн гоёыг нь авах гэдэг байлаа. Одоо ч хүргэн ахындаа очоод авдар руу нь өнгийнө. Эгчээсээ чихэр горьдоно. Миний хүргэн ах, эгч маань ээжийн авдарыг байнга чихэртэй байлгадаг, биднийг зочлоод гарахад авдарнаас чихэр өгч мялаадаг.
-Эгчийгээ хамгийн гоёмсогоор зураад цаасан дээр үгээр буулгаач гэвэл...?
-Нээрээ би энэ тухай ерөөсөө бодож үзэж байгаагүй юм байна шүү. /Бодолхийлэв сур/. Эгч минь төгс эмэгтэй. Би төгс л гэж хэлнэ. Би эгчээсээ олон зүйл дээр үлгэр дууриалал авдаг.
-Ханийнхаа ээжийн тухай ярих уу?
-Гэр бүл рүүгээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг миний хадам аав, ээж хоёр олгодог. Мөн 3 хөөрхөн охин дүү минь бий. Тэд минь миний ар талыг бүрэн авч явдаг. Хүүхдийн хувцас багадсан байгааг би мэдэхгүй л явж байхад хувцаслачихсан. Гэрийн маань дутууг авчихсан. Миний ажлыг ойлгодог хадмууд надад заяасан. Би их азтай хүн. Тэднийгээ би биширч шүтэж, мууг бодож, муухай харах ч надад эрх байхгүй. Энэ хэдийнхээ ачийг нь яаж хариулна даа гэж би үргэлж боддог. Үр хойчийг нь сайн хүмүүжилтэй сайн хүмүүс болгочих юмсан гэж хичээдэг. Хүүг нь сайн халамжилж, түшиж тулж амьдрахсан.
-Та өнгөрсөндөө хэр харамсдаг вэ? Тэр цаг үедээ очвол энэ алдаагаа засна даа гэсэн бодол байдаг уу? Алдааны тухай таны ойлголт?
-Би алдсан гэж хэлэхгүй. Өдий болтол ээж аавынхаа буянаар, ах эгчийнхээ дэмээр дандаа дардан, гэрэлтэй замаар явж ирсэн. Цаг хугацааг ухрааж болдог бол ээж аавынхаа өвдөж зовоогүй, чадалтай, үхэл хагацал үзээгүй байх үед нэг очихсон. Би үхэл хагацлаас хамгийн их айдаг. Аав, ээжийгээ баярлуулахсан, сэтгэлийнхээ, хайртай гэдэг үгийг харамгүй их хэлэхсэн, элгэнд нь наалдахсан, хацраа үнсүүлэхсэн гэж бодох үе их бий. Надаас юу хүснэ тэр болгоныг нь хийж өгөхсөн гэж хүсч байна. Хүн ер нь амьд сэрүүн байхад нь бодоогүй зүйлийг байхгүй болохоор нь боддог юм байна. Зовсон үедээ ч гэсэн хамгийн түрүүнд ээжийгээ боддог. Ээжээсээ аврал эрдэг. Ээжийтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд минь хамгийн жаргалтай байсан. /Хоолой нь зангирав сур/. Ээжтэйгээ байгаа хүн хайрандаа сохордог, аз жаргалдаа бялуурдаг.
Ээжийгээ бурхан болсноос хойш ханийнхаа ээжийг жаргаах юмсан гэж илүү их боддог болсон. Ээжтэйгээ байхдаа хийж чадаагүй бүхнээ ханийнхаа ээжид, эмээд, өөрийнхөө хайртай эгчдээ хийж өгнө гэж боддог. Энэ хүмүүсдээ ачлалтай явбал ээж минь тэнгэрийн орноос хараад баярлах байхаа. Энэ хорвоод ижийдээ очих зам хамгийн гэрэлтэй, сайхан нь. Хэдий их бартаатай ч тэр замыг олон хүн мөнхөд туулахыг хүсдэг.
-Бид мөнх биш. Та энэ амьдралд үлдээхийг хүсч байна вэ?
-Миний үргэлжлэл болсон үр хүүхдээ сайн хүн болгож үлдээхийг хүсч байна. Нүцгэн ирээд нүцгэн буцахдаа алт мөнгө, эд хөрөнгө хэрэггүйгээс хойш миний үргэлжлэл сайхан байгаасай гэж хүсч байна. Үр хүүхдүүд минь миний мөрөөдлийг биелүүлээсэй гэж хүсч байна. Тийм болохоор хүүхэд байхдаа сураагүй, нээгээгүй авъяас миний хүүхдүүдийн хүүхэд насанд нь бий болоосой, 2 хүүхдийнхээ авъяасыг нь нээж хөгжүүлэх, сургахыг зорьдог. Охины минь тэр мөртүүд санаанаас гардаггүй юм. Ээждээ зориулж бичсэн анхны захидал нь.
Сайхан сэтгэлт хүн болноо охин чинь
Сайхан бүгдийг бусдад харамгүй зориулна аа үр тань
Танхилхан охиныхоо үсийг самнаж
Тоо томшгүй мөрөөдлийг минь хуваалцдаг ээж тандаа хайртай шүү
Хонгор охин нь тандаа амалсан болохоор
Хүсэл мөрөөдлийг тань мөнхөд үргэлжлүүлнэ ээ
Энэ дэлхийн хамгийн зөөлөн дулаахан
Ээжийнхээ хайрыг үргэлжлүүлнэ ээ гүнж нь энэ үгсийг үргэлж тандаа хэлэхийг хүсдэг шүү ээжээ, үрс нь тандаа хязгааргүй хайртай.
-Хайр дундаас хамгийн мөнхийн нь…?
-Хайр дундаас хамгийн мөнхийн хэзээ ч хувирдаггүй нь эх үрийн хайр. Хамгийн дээд агуу хайр. Тиймээс ээжийгээ их хайрлаж чадвал хүн хойд насандаа диваажинд очдог гэсэн. Энэ насандаа эцэг эхийгээ бага зовоосон, хайрлаж шүтсэн хүн хойд насандаа диваажинд очиж эргээд хүн болж төрнө. Ээжийгээ хэзээ ч уйлуулж, сэтгэл дундуур явуулж болохгүй, санааг нь зовоож болохгүй. Энэ бол маш том буян.
-Зовоож байсан үе байгаа байх даа. Бас баярлууллаа гэж бодсон үе бий юу?
-Манай аав ээж хоёр намайг 40 насандаа төрүүлсэн. Их сургуулийн ромбо, дипломоо бариад ирж байхад наадам болж байсаныг тодхон санадаг. Хоёр гурав хоногийн өмнө манай ах эгч нар Улаанбаатарт ирээд миний баярыг тэмдэглэснийг сайрхаад ээж аавдаа ярихад яагаад ч юм ямар нэгэн зүйлд бэлдээд таваг засаад л, хажууд айлын эмээ их гоёчихсон орж ирэхэд нь хэсэг гайхав. Тэгээд миний ромбо диплом авсан баярыг маань тэмдэглэх гэж байгааг мэдээд л их баярлаж байсан. Миний аав багш хүн л дээ. Үг хэлэх гэснээ хоолой зангираад нулимс гаргаж билээ. Тэгсэн ээж маань “Уйлаад байхдаа яадгийн хэлээч хэлээч” гэж байснаа дагаад уйлчихсан. Тэр үед аав маань “40 насандаа төрүүлчихээд, 10 дугаар анги төгсөхийг нь үзэж чадахгүй болов уу гэж санаа зовж суулаа. Дараа нь бид хоёр их сургуульд орохыг нь харж чадах болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний охин их сургууль төгсөөд мэргэжилтэй болоод ирлээ” гэж хэлж байсан. Ингэж бид аав, ээжийгээ жаахан ч гэсэн баярлуулснаа мэдсэн юм даа. Одоо наадам болох бүрт аав, ээжийгээ санаж жаахан гуниг төрдөг.
-Үрсдээ үг хэлэх үү?
-Миний хамгийн нандин хүмүүс бол бидний хайранд дундаас ургасан хоёр эрдэнэ минь юм. Бүх зүйлээ та нарынхаа төлөө зориулж ээж, аав хоёр нь хичээж яваа шүү. Том охин минь Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурдаг. Онц сурч ээжийнхээ ачийг хариулж байгаа сайн охин. Миний бага хүү их сэргэлэн. Орос сургуулийн бэлтгэл ангид бас онц сурч байгаа. Хоёр эрдэнэдээ хайртай шүү. Ээж аав хоёр нь та хоёрынхоо төлөө л амьдарч байгаа. Амьдралын минь утга учир юм. Миний хоёр үрс сайн хүн болно гэдэгт аав, ээж хоёр нь итгэлтэй байдаг шүү гэж хэлье.
Миний зүрхнээс уяатай, сэтгэлийг минь гэрэлтүүлж байдаг та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8-ны баярын мэндийг хүргэе. Сайн зүйлийг үргэлж хийж, сайхан зүйлийг үргэлж тунгааж, өөдрөг бүхний төлөө дээш тэмүүлж, оргилд нь хүрч, тэргүүнд нь байгаарай гэж хүсье.
Сэтгэгдэл үлдээх