Ганданпунцоглин хийдийн ОНХА-ны лам П.Баатар
- Бандид гэгээнтний 6 дахь дүр тодорсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Манай Ганданпунцоглин хийдэд 2015 оны 03 дугаар сарын 19 буюу шинийн 29-ны өдөр Бандид гэгээнтэний 6 дахь дүрийг тодруулсан билэгт сайхан үйл явдал тохиож байна. Манай хийдээс Бандид гэгээнтний хойд дүрийг тодруулахаар Далай багшид удаа дараа хүсэлт тавьж байсан. Түүний хариуд цаг нь арай болоогүй, илүү их хурал ном хурах, буян хураах, ерөөл хурах ёстой гэсэн. Өнгөрсөн морь жилд бидэнд нэг сайхан мэдээ ирсэн. Далай багшийн айлдсан зүг чиг, хүүхдүүдийн нас зэрэг шинж тэмдэгийн дагуу 17 хүүхдийн нэрийг аваад Хамба лам маань Энэтхэг улс руу явсан. 03 дугаар сарын 17-ны өдөр Далай багшийн айлдвар гарч, Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын малчин Лувсандагвын хүү Ойдов гэж 14 настай, могой жилтэй хүү тодроод байна.
- Ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
- Шинж тэмдэгийг нууцалж байгаа. Яагаад гэвэл Далай багшид очиж мөргөөгүй, Далай багш нэр хайрлаагүй байгаа учраас зарим мэдээллийг нууцалж байгаа.
- Хүүг Энэтхэг улс руу авч явах гэж байгаа гэж сонслоо?
- 03 дугаар сарын 30-ны өдөр Далай багшид морилох цагаа товлосон байгаа. Тиймээс маш яаралтай Энэтхэг явах ажилтай болсон. Цаашид ламтан маань Энэтхэг улсын Гомон дацанд 15 жилийн турш суралцах юм.
- Эргээд Монголдоо хэдийд ирэх вэ?
- Төлөвлөсний дагуу ламтаныг зуны цагт 8, 9-р сард Ганданпунцоглин хийдэд ширээнд залах ёслол хийнэ. Одоо Энэтхэгт очоод Далай багшаас нэрээ аваад, тамга тэмдэгээ аваад, Гомон дацандаа суурьшина. Сургуульдаа орно. Зуны улиралдаа багтаж ширээндээ зална. Тэр хүртэл ямар нэгэн хүнтэй уулзах, мөргөх асуудал байхгүй. Далай багштай уулзаад ширээндээ залсаны дараа мөргөж болно.
- Бандид гэгээнтний талаар тодруулвал...?
- Бандид гэдэг нь тавыг ухаарагч гэсэн утгатай, их, бага таван ухааныг ухаарч мэргэшсэн хүнд өгдөг эрдмийн цол юм. Өвөрхангай аймгийн Арвайн хүрээний Ганданпунцоглин хийдийн Бандид гэгээнтэн нь дээрх таван ухаанд төгс мэргэшсэн, хувилгаан хүн байсан. Урьд нь таван дүр тодорч байсан. Тодорсон дүрүүд нь тухайн үедээ Гандан хийдийнхээ шашныг бурхан номыг авч явж байсан хувилгаанууд байсан.
Сэтгэгдэл үлдээх