2014 Л.Очир: Зарим төлөөлөгчид дараагийн сонгуульд яаж сонгогдох вэ гэж бодож ажлыг хийгээд байх шиг | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Л.Очир: Зарим төлөөлөгчид дараагийн сонгуульд яаж сонгогдох вэ гэж бодож ажлыг хийгээд байх шиг

2015-04-13 10:29:26 | 2026 | 0


-Сайхан хаваржиж байна уу. Таныг “Мандал”-ын Очир гэхээр Алтайчууд сайн мэддэг. Хэзээнээс улс төр сонирхож эхлэв. Энэ тухай яриагаа эхлэе?

Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу.  2006 оноос хойш “Мандал Голомт” компанитай холбоотой байсан болохоор Алтайчууд маань “Мандал”-ын  Очир гэж  нэрлэсэн байх. Түүнчлэн манай компани аймгийн төвийн гол асуудлын нэг дулааныг хариуцдаг гэдэг утгаараа компанийхаа нэрээр иргэдэд танигдсан. Аймгийн төвийн дэд бүтцийн асуудалд эрчим хүч, дулаан, цэвэр ус 3 зайлшгүй яригддаг. Үүний нэгийг нь хариуцаж ажиллаж байгаа гэдгээрээ улс төр болон аймгийн бусад асуудалд оролцохоос аргагүй байдаг. Миний тухайд 2010 оноос эхлэн улс төр сонирхож эхлэсэн.  Аймаг орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд улс төргүйгээр шийдвэрлэх боломжгүй. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэгчлэн аливаа асуудлыг ганцаараа шийдвэрлэнэ гэж байхгүй. Тийм учраас би аль нэг намыг түшин, өөрийнхөө үзэл бодол, хийх гэж байгаа зүйлээ улс төрөөс дэмжлэг авч түүгээр дамжуулан ажил хэрэг болгох үүднээс сонирхож  эхýëсэн. Үүний үр дүнд тодорхой хэмжээний амжилтанд хүрч, аймгийн төвийн дотоод тохижилтоос эхлээд олон асуудалд гар бие оролцсон. Иргэдээс төлөөлөл болон сонгогдсон хүний хувьд аймаг орон нутгийн бүхий л асуудалд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.

-2014 оны дахин сонгуулиас хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа эргээд дүгнэвэл уншигчдад маань сонирхолтой байх болов уу?

Миний хувьд улс төр гээд дарга цэрэг гэж явах биш харин ард иргэдэд хамгийн гол нь өөрийнхөө хариуцаж байгаа дулааны асуудлыг чин сэтгэлээсээ сайн хийгээд явахаа чухалчилдаг. Дэмий улс төржилгүйгээр аймаг орон нутгийн хөгжлийн асуудалд ард түмнээ төлөөлөн дуу хоолойгоо хүргэж байгаа. МАХН гэдгээрээ бидний мөрийн хөтөлбөрийг яг бүрэн утгаар нь нөгөө хоёр нам дэмжих нь хэцүү байдаг. Гэхдээ Алтай хотын иргэн болон төлөөлөгч гэдгээрээ намынхаа мөрийн хөтөлбөрөөс зайлшгүй хийгдэх ажлуудыг АН, МАН хоёрынхоо төлөөлөлтэй ярилцан хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

-ИТХ-д ард түмний төлөөлөл болж байгаагийн хувьд иргэдээс санал хүсэлт ирдэг байх. Иргэд ихэвчлэн ямар саналууд тавьж байна?

Аймгийн төвийн иргэд ихэвчлэн миний эрхэлж байгаа ажил, албан тушаалтай холбоотой саналууд тавьдаг. Түүнээс ийм өвчин тусчихлаа, ингэж туслаач гэсэн саналууд ховор тавьдаг. Миний боломж нөхцөлийг бодож үзээд үүнийгээ илэрхийлдэггүй ч байж магадгүй. Хамгийн гол нь халаалтыг ингэж сайжруулаад өгөөч, нүүрс түлээгүй болчихоод байна туслаач гэсэн саналууд тавьдаг. Эдгээр асуудлыг нь болж өгвөл шийдвэрлээд, өөрийнхөө чадах чинээгээр тусладаг. Өнгөрсөн өвөл нүүрс түлээний асуудлыг нэлээд сайн шийдвэрлэсэн. Би зөвхөн Харзат багаас сонгогдсон гэлтгүйгээр Алтай хотын бусад багийн түлш түлээгээ худалдан авч чаддаггүй ядарсан иргэдэд багагүй нүүрс үнэ төлбөргүй өгсөн. Иргэдэд өөрийн боломжоороо чадах зүйлээрээ тус дэм болж явдгаараа баярлаж бахархаж явдаг.

-МАХН цөөнх, сөрөг хүчний хувьд олонх болох АН-ын хийж гүйцэтгэсэн ажлуудад хэр сэтгэл ханамжтай байна. Шүүмжлэлтэй зүйл байгаа юу?

Би өөрийн баримталдаг зарчимтай. Хүн ажил хийж л байвал заавал шүүмжлүүлдэг. Ард иргэдээр шүүмжлүүлдэггүй хүн бол ажил хийгээгүй байна гэж ойлгодог. Тиймээс ч би МАН, АН хоёрыг аль болох шүүмжлэхээ урьтал болгодоггүй. Харин хийж байгаа ажилд нь яаж дэм тус болох уу, хэрхэн санаа оноогоо нэмэрлэх үү гэдгийг л баримталдаг. Энэ ч утгаараа манай хоёр намын нөхдүүд намайг үнэлдэг.  Аль ч намын хүмүүстээ Алтай хотын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцож, хийж бүтээсэн ажлыг нь дэмждэг. Одоо ч гэсэн Ардчилсан намын алдаа оноог бусад намын гишүүдтэй ярилцаж, санал бодлоо илэрхийлдэг. Ардчилсан нам аймгийг удирдаад явж байгаа. Хийж гүйцэтгэсэн ажлаар нь бахархдаг. МАН өмнө нь олон ажлыг хийж байсан. Түүний үргэлжлэл болоод АН-ынхан аймгийн төвийн нийтийн орон сууцнуудын өнгө үзэмжийг өөрчилсөн гэх мэтчилэн ажлуудыг хийсэн. Юм хийсэн хүнийг урамшуулаад, урам хайрлаад, цаашид хийх ажилд нь тус дэм болж санаа оноогоо илэрхийлж дэмждэг. ИТХ-д тэргүүлэгч гэх хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд АН, МАН-ын нөхдүүдэд та бүгд намчирхах хэрэггүй Алтай нутгаа хөгжүүлэх асуудалд бүгдээрээ нэг санаа бодолтой байя гэдгээ илэрхийлдэг. Энэ асуудлыг  хоёр намын нөхдүүд ч дэмждэг. Хааяа цөөнхийн гаргасан саналыг дэмждэггүй. Цөөнх болсон нөхдүүдийн саналыг сонсож, санаа оноо болгоё гэдэг. Нэг жишээ дурьдахад: Өнгөрсөн жил “Гудамж төсөл” гэж хэрэгжихээр болсон. Энэ төслийг Увс аймаг хэрэгжүүлж Улаанбаатараас дутахааргүй маш сайхан замын уулзваруудтай болсон. Энэ ажлыг хотоос төслийн компани: “Бид санхүүжилтээ өөрсдөө хариуцан хийж гүйцэтгэе та бүхэн харин трасс, шугам сүлжээний асуудлаа тохиролц” гэсэн. Ингэхэд зарим нөхдүүд эсэргүүцсэн. Би гайхаад та нар яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Бид энэ төслийг орон нутагтаа хэрэгжүүлчихвэл нутгийн маань хөгжилд хэрэгтэй шүү дээ гэхэд хувийн асуудлаасаа болоод л эсэргүүцсэн þì áàéíà ëýý. “Манай тэр найзын хашаан дундуур явах гээд байна, миний барилгын хажуугаар яваад миний хашаа газарт орох гэж байна” гэсэн хувийн ашиг сонирхлоо нэн түрүүнд тавьсан байсан. Нутаг орноо сайхан хөгжүүлье гэвэл хэний эзэмшлийн газар байх нь хамаагүй замаа тавих л хэрэгтэй юм гэдгээ илэрхийлсний үндсэн дээр энэ ажлыг дэмжүүлж, хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан төслийнхөө компаний хүмүүстэй уулзаж санал бодлоо илэрхийлсэн. Харамсалтай нь 2015 оны төсөв хүндðýëтэйгээр энэ ажил түр хойшлогдсон. Гэхдээ  бид хойшлогдлоо гээд орхилгүйгээр 2016 оны төсөвт суулгуулах хэрэгтэй юм.

-Сонгодсон тойргынхоо анхан шатны нэгж болох сум, багийн удирдлагуудтай хамтран ажилладаг уу?

Намайг сонгосон иргэн, намайг сонгосон баг гэж би явцуу боддоггүй. Ер нь багаас сонгогдсон аймгийн  ИТХ-ын төлөөлөгч гэдэг утгаараа аймаг орон нутгийн хөгжилд л илүү анхаардаг. Яахав зарим нэг нь сонгогдсон тойрог гэж ярьдаг. Ганцхан Харзат багт зам тавиулна, ийм байшин барилга бариулна гэх нь утгагүй. Бусдаас авах дэмжлэг байхгүй болно. Харин эдгээр ажлыг бусад багаас сонгогдсон төлөөлөгчидтэйгээ хамтран Алтай хотдоо хэрэгжүүлнэ гэж яривал тэр асуудал дэмжигдэнэ. Харин Харзат багийн иргэдэд түлээ нүүрс үнэгүй олгох гэх мэт өөрийн боломжоороо туслаж байгаа.  Бусад багийн иргэдэд ч бас үнэгүй олгосон. Авсан иргэд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх.

-Ер нь төлөөлөгч хүн өртэй хүнтэй адил байдаг юм шиг санагддаг. Төлөөлөгчид иргэдэд тэр бүр тус болоод байх боломж хэр байдаг вэ?

Санаагаар болдог бол үүнийг л өөрчлөх юмсан гэж боддог. Чадахгүй зүйлээ ард түмэнд амлачихдаг. Тэгээд л ард иргэдийнхээ өмнө өртэй хүн шиг болчихсон учраас гуйсан зүйлийг нь биелүүлэхэс өөр гарцгүй болдог. Миний хувьд таны амьдралд ингэж туслана, цалин хөлсийг чинь нэмэгдүүлнэ гэж яг тодорхой зүйл амлаагүй. Чадахгүй зүйлээ амлаагүй, чаддаг зүйлээ л амласан. Миний чадах зүйл гэвэл би ажлаа л чанартай сайн хийх юм. Хэрвээ ингэж чадвал Алтай хотын бүх хүнд наалдацтай, үлдэцтэй байх болно гэдгийг өөрөө мэддэг учир түүнийгээ илэрхийлсэн. Гэр хорооллынхоныг нүүрс түлээтэй, орон сууцны айлуудыг  халуун дулаан өвөлжүүлэхийг л зорьдог. Хааяа ганц нэг хүн та манай тойргоос сонгогдсон гээд л санхүүгийн тусламж хүсдэг. Би чадах зүйл байвал туслаад, чадахгүй зүйл байвал ойлгуулдаг. Би ч гэсэн бусдын адил гэр бүлтэй өөрийн гэсэн амьдралтай иргэн хүн.

-Нийгэмд сэтгэл зовоосон олон асуудал бий. Таны бодлоор үүнийг шийдвэрлэчих юмсан гэж сэтгэлийг тань зовоодог зүйл бий юу?

 Би олон зүйлд оролцоод, үүнийг ингэж сайжруулна гэж хэнд ч амлаж чадахгүй. Харин Алтай хотод Дулааны Цахилгаан Станц баригдаасай гэж боддог. Ингэснээр иргэд халуун ус хэрэглэнэ, цахилгааны олон саатлууд алга болно, дулааны асуудал бүрнээрээ шийдвэрлэгдэнэ мөн жижиг дунд үйлдвэр хөгжих үндэс суурь нь тавигдах ач холбогдолтой. Энэ ажлыг хэдэн жил хариуцан ажилласан хүний хувьд аймгийн төвд энэ асуудлыг шийдүүлчих юмсан гэж боддог. Энэ асуудлыг ойлгодог жаргал, зовлонг нь мэддэг би л ярихгүй юм бол үүнийг өөр хүн яриад хүнд ойлгуулж чадахгүй. Энэ асуудал шийдэгдчихээсэй гэж дэмждэг, мөрөөддөг хүмүүс олон бий. Гэхдээ шийдвэр гаргах түвшний хүмүүст мэргэжлийн үүднээс нь гарцаагүй хэрэгтэй байгааг тайлбарлан ойлгуулах нь миний үүрэг гэдэг үүднээс үүнийг л шийдвэрлүүлчих юмсан гэж боддог. Ямар ч байсан ойрын хэдэн жил биелүүлнэ гэж бодож явдаг.

-Өнгөрсөн жил дулааны станцын тендер зарлагдан танайх шалгарсан. Энэ ажил юу болсон бэ?

Өнөөдрийн өөхнөөс, маргаашийн уушги гэдэгчлэн дулааны цахилгаан станц их хөрөнгө шаардагддаг, улсын бодлоготой уялдуулах ёстой гэх мэт олон асуудлууд тулгардаг. МУ-ын хэмжээнд “Дулааны станц” барих ажил  7 аймагт хийгдэхээр яригдаж байсанг би яам болон холбогдох уирдлагуудад нь удаа дараа хүсэлтээ тавьсны үндсэн дээр 8 дахь аймгаар манай аймаг сонгодсон. Үүнтэй холбоотойгоор тус ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер яамнаас зарлагдахад 2 компани л оролцсон. Манай компани нөгөө компаниасаа олон зүйлүүдээр давуу талтай байснаараа шалгарсан. Жишээ нь: Орон нутгийнхаа онцлогийг сайн мэддэг, тус ажлыг хийхэд дадлага туршлагатай гэх мэтчилэн давуу талууд маань тендер шалгарах суурь нь болсон. Өнгөрсөн жил энэ ажил нэлээн эрчимтэй явагдаж байсан боловч 2015 онд улсын төсөв хүндэрсэн гээд санхүүжилт нь шийдвэрлэгдсэнгүй ээ.  Гэхдээ бид улсын төсвийн хагас жилийн тодотголоор оруулахыг бодож байна. Энэ ажлын санхүүгийн асуудал шийдэгдчихвэл бид ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа.

-Өмнө нь тантай танай компаний хийж гүйцэтгэж байгаа ажлуудын гүйцэтгэлийн талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцаж байсан. Түүнээс хойш нэлээн хугацаа өнгөрлөө. Дэлгэр сумын ажлын явц ямархуу шатандаа явж байна. Хэзээ улсын комисст хүлээлгэн өгөх вэ?

Энэ ажлын талаар аймгийн мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд мэдээлэл өгч байсан. Тус ажлын тендер аажуу зарлагдсантай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил зогсох үеэр эхлэсэн. Гэхдээ бид аль болох цаг хугацаа алдалгүйгээр бүхий л боломжоороо шуурхай ажиллаж байгаа.  Иргэд энэ асуудалд буруу ойлголттой байгаад байх шиг. “Шинэ сум” төслийн ажил юу вэ гэхээр бид зөвхөн халуун хүйтэн ус, халаалт шугам сүлжээ гэх мэт инженерийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой юм. Тэгээд сумын өнгө үзэмж, барилга байгууламжтай холбоотой бусад асуудлыг жил бүр цуврал маягаар шинэчлэх юм. Үүнийг л иргэд сайн ойлгох хэрэгтэй. Цаг агаарын байдлаас шалтгаалан ажлаа өнгөрсөн оны 11 дүгээр  сарын сүүлч 12 дугаар сарын эхээр түр зогсоогоод энэ сарын нэгний өдрөөс эрчимтэйгээр үйл ажиллагаандаа ороод байна. Манай хамт олон болж өгвөл баяр наадмаас өмнө улсын комисст хүлээлгэн өгөх зорилго тавин ажиллаж байгаа.

-Танай компани аймгийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож, үүнийхээ хирээр олон хүнийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйд нь нэмэр болж байгааг уншигчид маань сайн мэднэ. 2015 онд дээрх бүтээн байгуулалтын ажлуудаас өөр ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

Манай компанийн хувьд сүүлийн хэдэн жил орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож, олон хүнийг ажлыг байраар хангахыг зорьж ажилласан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайг шинээр ашиглалтанд оруулсан. Түүнчлэн манай аймагт тоосгоны үйлдвэр гарын арван хуруунд багтахаар цөөн байдаг. Барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниудын тоосгоны хэрэгцээг аймагт үйл ажиллагаагаа явуулдаг тоосгоны үйлдвэрүүд хангаж чаддаггүйгээс болоод, тоосгоо Баянхонгор,  Ховд айгуудаас авчирдаг. Бид энэ асуудалд мөн л хувь нэмрээ оруулъя гэсэн үүднээс уржинан жил тоосгоны үйлдвэр барьж, өнгөрсөн онд ашиглалтанд оруулсан. Тоосгоны үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг нь судалсны эцэст үйлдвэртээ өргөтгөл хийх ажлыг 2015 оны ажлын төлөвлөгөөндөө оруулсан. Тоосго хатаах камерын ажлыг энэ сарын 1-ний өдрөөс хийж эхлэсэн. Энэ аргыг олон жилийн өмнө Ханын материалын үйлдвэр ашиглаж байсан. Гэхдээ бидний ашиглалтанд оруулах гэж байгаа хатаах камер сүүлийн үеийн цаг хугацаа хэмнэсэн боловсронгуй технологи гэдгээрээ давуу талтай. Одоо үр дүнг нь харах л үлдээд байна даа. Түүнчлэн үйлдвэр өргөжиж байгаа нь мөн л ажлын байр нэмэгдэх юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Зарим иргэд хувийн компани гэдэг үүднээс хардаг. Харин энэ ажлуудын цаана хэчнээн хүн ажилтай болж, амьдрал ахуйгаа сайжруулж байгааг ойлгох учиртай юм.

-Ажлын байр нэмэгдүүлж байгаа нь нэг талаас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаагийн илэрхийлэл байх. Ер нь хувийн хэвшлийн байгууллагыг төр засгаас дэмжиж байна уу?

Би хувийн хэвшлийн компанид олон жил ажиллаж байна. Зах зээл эхлэхэд анх юугаач мэдэхгүй байсан хүмүүс одоо өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон нь Ардчиллын ач тустай яалт ч үгүй холбоотой.  Өөрөөр хэлбэл зах зээлийн нийгэмд хэн хийж, хөдөлмөрлөж чадсных нь зол болдог. Яг үүний жишгээр хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа эрхэлдэг. Хааяа хүндрэл бэрхшээл тулгардаг. Ихэвчлэн нөгөө иргэдийн дунд яриагдаад байдаг хүнд суртал гээч юм үйл ажиллагаанд чөдөр тушаа болж цаг алдагдуулдаг. Энэ асуудал хувийн хэвшлийн бусад компаниудад мөн л адил тохиолддог байх. Гэхдээ би өөрөө ард түмний төлөөлөл болж, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй ойрхон байдаг учраас болж өгвөл хувийн хэвшлийнхэнд нийтлэг тулгамддаг асуудлуудыг ярьж хэлж, эерэгээр шийдвэрлүүлэхийг зорьдог. Би аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй гэж хараар яриад байхыг хүсдэггүй. Монгол хүн амны билгээрээ гэдэгчлэн аль болох болж бүтэх талаас нь ярьдаг.  Жил ирэх тусам бидний ажил дээшилж, ажиллах нөхцөл боломж сайжирч байна. Өдий зэрэгтэй үйл ажиллагаагаа жигдрүүлээд ажиллаж байгаа маань төр засгийн дэмжлэгтэй л холбоотой юм.

-Цөөнгүй асуудлаар ярилцлаа. Танаас асууж амжаагүй зүйл үлдсэн байх. Сүүлийн асуултыг танд үлдээе?

Зарим төлөөлөгчид дараагийн сонгуульд яаж сонгогдох вэ гэж бодож ажлыг хийгээд байх шиг.Сүүлийн үед зөвхөн төлөөлөгч төдийгүй бүхий л сонгуульт ажилд ялсан албан тушаалтнууд  дараагийн сонгуульд  ялахын төлөө л ажил хийдэг болоод байгаа нь хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнээс нь харагдах болсон. Харин миний хувьд тэгж боддоггүй. Дараагийн сонгуульд иргэд миний хийсэн ажлыг үнэлвэл дахин сонгогдоно. Хэрвээ сонгогдохгүй юм бол би ажлаа иргэдийнхээ сэтгэлд нь хүртэл хийж чадаагүй юм байна гэж өөрийгөө үнэлнэ дээ. Ер нь би аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, ирээдүйгээ харсан ажлыг яаж хийх вэ гэдгийг орхигдуулалгүйгээр л хийж байгаа зүйлдээ тусган ажилладаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Аймаг орныхоо хөгжлийн төлөө иргэдээ төлөөлөн ажиллаж буй их үйлсэд тань амжилт хүсье.

Та бүхний ажилд амжилт хүсье. Алтайн хөдөлмөрч ард түмэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэгчилэн бүтэх болтугай.

Ярилцсан: Э.Нарангэрэл

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна