ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ Д.ДАВААСАМБУУ: ӨСЧ ТӨРСӨН ӨЛГИЙ НУТАГ МИНЬ ҮРГЭЛЖ СЭТГЭЛД УЯАТАЙ ЯВДАГ

2015-06-19 12:38:39 | 3160 | 3


X NEWS” сэтгүүлийнхээ шинэхэн дугаарын тэргүүн хойморт Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Доржийн Даваасамбууг урьж ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн туурга ханыг нь барилцан ашиглалтанд оруулж  явсан нэгэн. 2000 ондОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд “Монголын жоншны баяжуулах технологид бүхэллэг хэсгийг ялгах аргууд, түүний боловсруулалт” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан нь Монголдоожоншны салбарт анхны эрдэм шинжилгээний бүтээл болсон юм. Энэтехнологи Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлсэн. Түүнийг өөрийн сурсан мэдсэнээ инженер техникийн ажилтнуудад заан сургах, дадлагажуулах ажлыг цаг ямагт амжилттай хийсээр ирсэн, туршлагатай,мэргэшсэн, жоншны баяжуулалтаар монголын тэргүүлэх мэргэжилтний нэг гэдгийг олон хүн гэрчилнэ.

Д.Даваасамбуу захирал дэлхийн зах зээлд зэсийн үнэ сүүлийн жилүүдийн хамгийн доод хэмжээнд (1325 ам.дол.) хүртэл унасан хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн 1994-2004 оны хэтийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, тухайн цаг үеийг даван гарахад дотоод нөөц бололцоондоо тулгуурласан зардал хэмнэх тусгай төлөвлөгөө гарган дайчин шаргуу ажилласны үр дүнд жилийн дотор үйлдвэрийн өр зээлийг барагдуулж хэвийн жигд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн шилдэг удирдагч юм. Монгол Улсын тэргүүний уурхайчин, ОХУ-ын Хүндэт уурхайчин төдийгүй 2014 онд төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон энгэртээ гялалзуулсан энэ хүн бол Хан Хэнтий нутгийн унаган хүү гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

 

-      Сайхан зусч байна уу та?

Сайхаан. Танай сэтгүүлээр дамжуулан Хан Хэнтий нутгийнхаа зон олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна.

-      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Манай үйлдвэр 1978 онд ашиглалтанд орсноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 37 жилийн турш, 24 цаг үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын ууган үйлдвэр шүү дээ. Тэр ч утгаараа Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч ч гэсэн мөн адил 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байх үүрэгтэй. Ерөнхийдөө ажил өглөөний 06 цаг 30 минутаас эхэлдэг. Мэдээж ажлын төлөвлөлтөөс шалтгаалаад өдөр бүхэн өөр л дөө. Үдийн өмнө үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой шуурхай зөвлөгөөнүүдэд оролцоно, үдийн хойно гадна дотны зочид, төлөөлөгчидтэй уулзана, үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллагааны талаарх мэдээлэл солилцоно, шаардлагатай бол үйлдвэрийн цех тасгуудын үйл ажиллагаатай газар дээр нь явж танилцана гээд нэг л мэдэхэд үдшийн бүрийтэй золгочихсон байдаг. Хүмүүс хоёр нарны хооронд гэж ярьдаг бол бид 24 цаг бэлэн байдалд ажилладаг хүмүүс дээ.

-      Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК бол Монгол Улсыг тэжээгч “саалийн үнээ” гэгддэг том үйлдвэр. Та энэ албан тушаалд хэзээнээс томилогдов. Үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг цухасхан танилцуулаач?

Би Эрдэнэт үйлдвэртээ хоёр дахь удаагаа Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчийн албан тушаалд томилогдон ирж ажиллаж байна. Анх 1998.08.17-нд Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн 1-р орлогч захирал байхдаа томилогдон ирж 2 жил гаруй ажилласан. Ингээд 12 жилийн дараа буюу 2012.11.14-нд Их Эзэн Богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр зөвлөлийн хурлаар ахин томилогдон ирж ажлаа хүлээн авч байсандаа их билэгшээдэг. Сүүлийн томилгооноос авч үзэхэд, тухайн жилүүдэд зэсийн үнэ ханш өндөр, үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдсэн, зохих хэмжээгээр өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдчихсэн явж байгаа ийм үед томилогдон ирсэн. Яг ажил авснаас хойш өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхийн зах зээлдээр зэсийн үнэ ханш маш хурдтайгаар унаж байна. Үүнээс шалтгаалан үйлдвэрийн үйл ажиллагаа ерөнхийдөө хүндхэн хэмжээнд байгаа. Гэхдээ бид энэ байдлыг даван гарахын тулд бүтээгдэхүүний өртгөө хямдруулах, бүсээ чангалах тактик барьж ажилласны хүчээр өнөөдрийн хувьд үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хэвийн сайн явагдаж байна. 2013 онд улсад 525 тэрбум төгрөгийн татвар төлсөн, 37 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол 2014 онд 467 тэрбум  төгрөгийн татвар төлсөн, 41 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан зэрэг том том тоонууд бий. Ер нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд тогтмол даван биелж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэр маань 37 жилийнхээ түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж ажиллалаа. Тодруулбал, 26 сая 126 мянган тонн хүдэр боловсруулсан, мөн төлөвлөгөөгдавуулан4185 тонн зэс илүү үйлдвэрлэсэн амжилттайгаар 2014 оноо үдсэн.

-      Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн хүү энэ том үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор ажиллаж байна гэдэг бахархмаар санагдаж байна. Таныажил амьдралын замаар товчхон алхвал?

Би чинь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын унаган хүүхэд шүү дээ. Бага сургуулиа сумандаа, Бэрхийн уурхайд 8-р ангиа, Өндөрхааны нэгдүгээр арван жилд 10-р ангиа дүүргээд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд элсэн суралцаж, уулын инженер-механикчмэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа 1981 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн засварчнаар эхэлж, механикч, бутлах цехийн хэсгийн даргаар 5 жил орчим ажиллаж байгаад, өөрийн төрсөн нутаг Хэнтий аймагт маань Бор-Өндөрийн УБҮ ашиглалтанд орох үед очиж, 1985.12.30-нд үе үеийн уурхайчдын хамтаар анх залгалцаж байлаа. Жоншны үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дэлхийд гуравт ордог энэ үйлдвэрийн суурийг тавилцаж, түүхийг бүтээлцэж явснаа эргэн санахад үнэхээр сайхан байдаг. Би Бор-Өндөрийн УБҮ-тээ 1985-95 он хүртэл тасралтгүй 10 жил баяжуулах фабрикийн даргаар, 1995-98 он хүртэл Үйлдвэрийн 1-р орлогч даргаар ажиллаж байгаад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдож 2 жил гаруй ажилласан. Дараа нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Москва дахь төлөөлөгчийн газар менежер, Улсын мэргэжлийн хяналтын газар Байгаль орчин, уул уурхайн албаны дарга, “Юнайтед фрэндс групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албыг хашиж байгаад одоогийн энэ ажилдаа томилогдоод байна даа. Гэр бүлийн тухайд, эхнэр хоёр хүүтэй, 5 ач хүүтэй. Миний ханийг М.Сайнбаяр гэдэг. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат хүн. Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Бор-Өндөрийн аптекийн эрхлэгчээр олон жил ажилласан. Бид хоёр ханилаад 40-өөд жил болж байна. Энэ хугацаанд миний найдвартай ар тал болж, дэмжиж тусалж, хаана л очиж томилогдож ажиллана тэр бүрийд дэргэд минь байсаар ирсэн ханиараа бахархаж явдаг даа.

-      Нутаг ус, ижий аав, хүүхэд нас гэдэг энэ амьдралын хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжуудын хэлхээ байдаг. Таны хувьд?

Тэгэлгүй яахав. Манай аавыг “Өндөр Дорж” гэхээр Баян-Овоо сумынхан маань санах байх. Их сайхан өндөр биетэй, уран дархан, олонталын авьяастай хүн байсан. Харин ээж маань Дугарсүрэн гэж надархуу л ийм бор хүн байсан даа. Би эцэг эхээс долуулаа, айлын хоёр дахь хүүхэд. Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн. Гэхдээ одоо бодох нь ээ олуулаа өссөн болоод тэр үү чамгүй ажилтай хүүхэд байжээ. Зуныхаа амралтаар эмээтэйгээ хамт туйпуу цохидог байлаа, наадам өнгөрөнгүүт гэр бүлээрээ хадланд явна. Манай аав чинь их олон төрлийн авьяастай. Нэг удаа аавыгаа дагаж кино гаргаж үзэж байлаа, 1970-аад онд паспорт солигдох үеэр ах бид хоёр зуны халуунд өрхөө бүтээж байгаад л фото зураг авч угаах ажил хийж байснаа тодхон санаж байна. Биднийг хүүхэд байхад Дожирын уурхайн жоншны тээврүүд манай сумаар дайрч явдаг байлаа. Тэр үед жоншны олон өнгийн чулуу түүж тоглоно. Бэрхийн уурхайд дунд сургуулийн сурагч байхдаа жонш түүж мөнгө олдог байлаа. Энэ л үеэс чулуу яагаад ийм олон өнгөтэй байдгийн учрыг олох юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр одоогийн энэ ажил мэргэжлийг сонгосон гэхэд болно.

Балчир насандаа тоглосон чулуугаа

Баян амьдралдаа танин ашиглаж байна гэдэг дууны үг шиг үнэхээр хүүхэд ахуйдаа тоглож байсан чулуугаараа би чинь докторын зэрэг хамгаалсан юм шүү дээ.

-      Тэгвэл оюутан Д.Даваасамбуу ямархуу залуу байв?

Оюутан байхдаа спортод маш их дуртай, хичээлээсээ тарж ирээд л байрныхаа гадаа тоглож өнждөг байж билээ. Би бэлтгэлд суучихаад сургуулиасаа нэг жилийн чөлөө авсан юм. Тэр нэг жилийн чөлөө амьдралыг үнэхээр надад ойлгуулсан даа. Тухайн үед манай ах Дорнод аймгийн Халхгол суманд офицероор ажиллаж байсан учир манай гэрийнхэн тэнд суурьшаад байсан юм. Би очоод Орос дэлгүүрийн үүд сахидаг ажилтай боллоо. Онцын ажил юу байхав. Гол нь дэлгүүрт наймаа хийхээр ирсэн хүмүүст хэлмэрч хийж өгч тав гурван төгрөг олж өдрийг өнгөрөөнө. Тэнд байх хугацаандаа би амьдралын их сургуулийг төгссөн гэж боддог юм. Мэргэжилгүй бол би хэн байхав гэдгээ үнэхээр ухамсарласан. Ингээд цалингаа хурааж байгаад эргэн сургуульдаа элсэн суралцсан. Хичээл номондоо шамдсан, сайн сурлагатны тоонд орж нэмэгдэл цалинтай болсон, ханьтай болсон. Эргээд бодоход богинохон хугацаанд амьдралыг үнэхээр ойлгосон сургамжтай жилийн чөлөө байсан даа. Ер нь оюутан байхад бөмбөгнөөс салдаггүй л хүүхэд байлаа. Хажуугаар нь шатар тоглоно. Спортын бүх төрлөөр тэмцээн уралдаанд оролцоод явдаг оюутан байсан.

-      Таныг одоо ч спортоо орхиогүй, тун ч элэгтэй хүн гэж сонссон юм байна. Монгол улсын гэх тодотголтой хэд хэдэн холбооны тэргүүнээр ажилладаг гэв үү?

Таны хобби юу вэ гэвэл би шуудхан л спорт гэж хариулна. Залуу байхдаа өөрөө тоглодог байсан, харин одоо спортын бүх төрлийг үзэх сонирхолтой. Энэ хоббигоороо Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчийн ажлыг аваад 2 жил гаруй удирдаад явж байна. Энэ хугацаанд манай хоккейчид чамлахааргүй амжилтуудыг үзүүлээд байгаа. Манай холбоо зохих хэмжээнд боломжийн ажиллаж байгаа гэж боддог. Хоккей бол эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан, богино хугацаанд маш олон төрлийн үйлдэл хийдэг, сэтгэдэг, эрүүл мэндэд ашиг тустай олимпод албан ёсоор орсон спортын нэгэн төрөл юм. Тэр ч үүднээсээ хүүхэд залуучуудыг бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болоосой, энэ спортоор хичээллээсэй гэж хүсч бид улсын хэмжээнд Өвлийн ордонтой болох зорилт тавин ажиллаж байна. Мөн би Орхон аймаг дахь хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажилладаг. Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Хөлбөмбөг бол бас л миний хобби. Ажил багатай үедээ шөнө сэрүүлэг тавьж байгаад хааяа тоглолтууд үздэг шүү.

-      Моринд хорхойгүй монгол эр хүн ховор болов уу. Таныг уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг, өөрөө бас хурдтай гэж дуулсан?

Миний өмнөх үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” морин уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан юм билээ. Тэгээд намайг ч гэсэн энэ холбооны ажлыг үргэлжлүүлэн дэмжээч гэсэн хүсэлтийг олон түмэн тавьж, одоо “Эрдэнэт хүлэг” морин уяачдын холбооны тэргүүнээр мөн ажиллаж байна. Би энэ ажлыг авснаасаа хойш хурдлаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэвшил болгоход онцгой анхаарч ажилласан нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Морин уяачдын холбооны тэргүүн хүн өөрөө хурдтай морьтой байх хэрэгтэй гэж олон хүн хэлдэг юм билээ. Тэгээд миний нэг зээрд соёолон уралдаж гурван ч удаа түрүүлээд байна. Сүүлд түрүүлэхэд нь би дагаж явж үзсэн. Үнэхээр хамрын самсаа шархирам гэдэг шиг сэтгэл огшоод сайхан байсан. Хэзээ нэг өдөр тэтгэвэртээ гарвал ч моринд хорхойтоод уяач болмоор санагдсан шүү.

-      Нутгархаг үзэл гэж хүн бүхэнд тодорхой хэмжээнд байдаг байх. Танд хэр их байдаг вэ?

Нутаг орноо гэсэн сэтгэл байлгүй яахав. Би Орхон аймаг дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөл “Хан Хэнтийн тоонот” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Миний бодож явдаг зүйл бол Эзэн Чингисийн өлгий нутагт төрж өссөнөөрөө бахархаж, Бурхан Халдун уулаа гэр, ажил дээрээ залж, өдөртөө сүслэж залбирч байдаг. Ер нь Монголд бүү хэл Дэлхийн тавцанд алдар нэрээ дуурсгасан аугаа Чингис хааны нутгийн хүү гэдгээрээ бахархах омгорхох сэтгэл хааяа ч төрдөг шүү. Өөрийн хүсч байсан мэргэжлээ эзэмшиж, Монголд битгий хэл Дэлхийд алдартай энэ хоёр том үйлдвэрийн удирдах албан тушаалд томилогдон ажиллана гэдэг төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн ижий аавын минь ач буян ирж байна гэж боддог. Өнгөрсөн жил нутагтаа очиж хөрвөөж, Гүрмийн нуурандаа орж элсэн дээр нь хэвтлээ. Их сайхан байдаг. Нутаг руугаа хүлгийн жолоо залах бүрт сүлд хийморь сэргээд эрч хүч нэмэгдээд байгаа юм шиг л санагддаг.

-      Та Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн хүн.  Нам улс төрийн талаарх үзэл бодлыг тань хуваалцаж болох уу?

Би Бор-Өндөрт ажиллаж байхдаа 1990-ээд оноос Ардчилсан социалист хөдөлгөөнд оролцож явлаа. Сэхээтний нам гэдэг утгаараа ч юм уу үзэл бодол арай ойлгомжтой байсан. Ер нь Ардчилсан үзэлтэй, Ардчиллын анхдагч, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдийн нэг гээд яривал юм бий. Мэдээж энэ намынхаа хүчээр улс орныг удирдаж буй он жилүүдэд нь ийнхүү хоёрдохоо итгэл хүлээлгэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа гэж ойлгодог.

-      Хэнтий аймгийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

Дэлхийд алдартай Эзэн Чингисийн өлгий болсон энэ сайхан нутаг бол бүх талаараа өсөн хөгжих бүрэн боломжтой гэж би хардаг. Тухайлбал байгалийн баялаг манай нутагт маш их бий. Жоншны үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дэлхийд гуравт ордог Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр, нэгэн жарны түүхтэй өнгөт металлын хамгийн анхдагч Бэрхийн уурхай хоёулаа Хэнтийд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр жоншны үнэ унасан, ялангуяа хойд хөрш ОХУ-д жоншны үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байгаа. Гэсэн ч жонш гэдэг баяжмал өөрөө улс ардын аж ахуйн 60-аад салбарт өргөн хэрэглэгддэг элементийн нэг учраас удахгүй үнэ ханш нь өсч эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх байх. Хэнтий аймагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулчихвал өөрийгөө санхүүжүүлээд улсаас дотаци авахгүй. Тэгээд ч  манай Хэнтий аймаг бол түүхэн дурсгалт газар олонтой, байгалийн сайхан бүрдсэн нутаг шүү дээ. Ингээд Эзэн Чингис хааныхаа Хаадын цогцолборыг сүндэрлүүлчихвэл аялал жуулчлалын чиглэлээр үсрэнгүй хөгжих боломж бий гэж итгэлтэй боддог доо.

-      Уурхайчидтай уулзахад Монгол Улсад зэсийн үйлдвэр барьж байгуулах цаг нь болсон гэж их ярих болж. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Эрдэнэт үйлдвэр маань 37 жилийн турш ажиллах хугацаандаа Эфелийн цамхагийг 96 ш бүтээчихээр эсвэл0.5 мм голчтой утас хийвэл дэлхийг 146 удаа ороочих хэмжээний зэсийг үйлдвэрлэсэн байдаг. Гэтэл бид үүнийгээ баяжмал байдлаар нь л ачиж гаргасаар ирсэн. Өөрөөр хэлбэл ачиж байгаа баяжмалын 23% нь зэс, 77% нь үндсэндээ шороо ачдаг гэсэн үг шүү дээ. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монголын уул уурхайн салбарт ажилладаг бүх инженерийн хүсэл мөрөөдөл байдаг. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд үүнд анхаарал хандуулсаар ирсэн. Манай үйлдвэрийн өнөөгийн удирдах баг энэ талаар нэлээн дорвитой ажил эхлүүлээд байна. Эх орондоо зэсийн үйлдвэр барьж байгуулах хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж яваа энэ цаг үед орон нутагт ирсэн төр, засгийн удирдлагуудад зэсийн үйлдвэр байгуулахын чухлыг тайлбарлан, харилцан ярилцсаар байгаа. Саяхан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллах үеэр энэ асуудлаар бас л ярилцлаа.Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн бид дэлхийд хүчин чадлаараа гуравт ордог Бор-Өндөрийн жоншны баяжуулах үйлдвэрт хамт ажиллаж байсан. Зэсийн үйлдвэр      байгуулвал Монголын уурхайчид ажиллуулаад явах боломж бүрэн бий. Хамгийн гол нь зэсийн үйлдвэр Монголд байгуулахад хүхрийг хаана агуулах, хэрхэн ашиглах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар өдий хүрч байна. Дэлхийн зах зээл дээр жоншны баяжмал борлуулалт муутай болсон. Жоншны баяжмалыг  давсны давхар исэл, креолит, фтор соль болгоход хүхэр хэрэглэдэг. Тиймээс хүхрийн хүчлийг жоншны үйлдвэрт ашиглахын тулд зэсийн үйлдвэрийг Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийн ойролцоо барьж байгуулах нь илүү үр дүнтэй байж болох юм гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс гадна Оюутолгой, МАК компани, Цагаан суваргын үйлдвэрүүд баяжмалаа гадагшаа ачаад байх биш, эх орондоо эцсийн бүтээгдэхүүн, цэвэр зэс үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Орхон аймагт “Эрдмин”, “Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийг ашиглаад цэвэр зэс үйлдвэрлэж байгааг бид харж байна. Тиймээс мэргэжлийн уурхайчид бид зэсийн үйлдвэр барьж байгуулах асуудлыг төр, засгийн хэмжээнд ойлгуулахыг хичээж байна.

-      Зэс хайлуулах үйлдвэр манай Бор-Өндөрт баригдчихвал ч үнэхээр сайхан даа?

Мэдээж энэ асуудал тийм амархан шийдэгдчихгүй нь лавтай. Цаг хугацаа орно, маш их хөөцөлдөлгөө шаардана. Яагаад заавал Бор-Өндөрт гэж? гэсэн асуултыг бусад аймгууд, үйлдвэрүүд ярих байх, зөрчилтэй асуудлууд ч тулгарах нь ойлгомжтой. Миний хувьд уул уурхайн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хүний үүднээс энэ тал дээр тууштай байж, Бор-Өндөрт барих нь илүү зөв гэдгийг хөдөлшгүйгээр баталж чадна гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг тогооны гаднаас хэлээд суух биш, тогоон дотор нь орж шийдвэр гаргах түвшний хүмүүст хэлж ярьж, ойлгуулчих чадалтай байх хэрэгтэй л дээ. Тэгж байж Засгийн газрын түвшинд дэмжигдэх нь илүү хурдан байх болно. Ингээд ярихаар хүмүүс –“Та УИХ-ын гишүүн болох санаатай юм уу” гэж асуух юм. Яг үнэндээ би өөрийгөө заслаа, гэрээ заслаа, тэтгэвэртээ гараад гэр бүлтэйгээ тайван сайхан амьдрах бүрэн боломж байна. Гэхдээ хүн гэдэг чинь өөрийн бодож байсан хүсэл мөрөөдлөө биелүүлж байж санаа нь амардаг амьтан юм байна. Одоогоос 30 жилийн өмнө Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийг анх залгалцаж байсан бол ахин гучин хэдэн жилийн дараа хажууд нь зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулахад нь бас гар бие оролцох юмсан гэсэн том мөрөөдөл надад бий. Уул уурхайн салбарт 30 гаруй жил зүтгэхдээ хэлэх үгтэй, хийсэн юмтай гавьяаныхаа амралтанд гарах сан гэж л бодсоноос өөр ямар ч санаа алга даа.

-      Таныг чярьснаа заавал ажил хэрэг болгодог “ах Данзан” гэж ойр орчмын найз нөхдүүд тань авгайлдаг юм билээ. Та ер нь хэр олон найзаар хүрээлүүлсэн хүн бэ?

\инээв\Бор-Өндөрт ажиллаж байх үед л ийм яриа гарсан юм. Уул нь намайг хүмүүс Самбуу ах, Самбуу захиралаа л гэж дууддаг. Тэгсэн нэг өдөр Ерөнхий захирал Даваацэрэн манайд ирээд цай уух зууртаа “Хувьсгалын долоог яг үнэндээ Данзан нь ахалдаг байсан юм ш дээ” гэж яриад өнгөрсөн юм. Тэрнээс хойш л хамт олноо зохион байгуулдаг, урд нь явдаг гэдэг утгаар нь юмуу даа “ах Данзан” гэдэг болчихсон. Миний үнэтэй баялаг бол миний найз нөхөд. Тэднээрээ үргэлж бахархаж явдаг. Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Хүн болж төрчихөөд хүмүүс дунд амьдарна гэдэг үнэхээр чухал. “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” гэдэг дуу өөрийн эрхгүй л аманд аялагддаг даа. Би ер нь нэг минут хүнгүй байх дургүй шүү. Үргэлж л найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа ярилцаж суух дуртай. Одоогийн манай баг бүрэлдэхүүн бие биенээ сайн мэддэг, 20 гаруй жил энэ салбарт хамтран зүтгэж байгаа, олон хүнд үеийг хамтдаа туулсан мэргэшсэн хамт олон. Ийм сайхан найз нөхөд, хамт олноор хүрээлүүлсэн би азтай хүн.

-      Ер нь таныхаар эр хүн гэж ямар байх ёстой юм?

Эр хүн гэдэг бол өөрийн гэсэн ноён нуруутай байх ёстой. Мэдээж хань, үр хүүхдүүддээ дээд зэргийн халамжтай, аливаад хазайдаггүй, шальдар булдар юманд оролцоод байдаггүй, аль болох хүлээцтэй байх ёстой юм болов уу гэж боддог. Үр хүүхдүүддээ ч хэлж захидаг. Хүнд яагаад нэг ам, хоёр чих заяасан байдаг юм. Бага ярьж, их сонсч бай л гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд эр хүний нөмөр нөөлөг, ноён нуруу гэдэг агуу л даа. Ямар ч хүнд бэрхшээл тулгарсан эр хүн хүлээцтэй, ухаалаг байж давж гарах ёстой. Миний амьдралд ч  гэсэн хүний л адил баяр жаргал, үхэл зовлон, сайшаал магтаалтай олон л үе тулгарч байсан. Эргэсэн мөр, гишгэсэн газраа харж бай гэдэг шиг хүн өнгөрсөн бүхнээ эргэцүүлж бодож, сургамж авч, өөртөө дүгнэлт хийж байх хэрэгтэй юм шиг санагддаг.

-      Таны амьдрал дандаа шат ахисаар өнөөдрийг хүрчээ. Энэ бүхэнд юу таныг хөтлөв. Залуучууддаа хандсан сайхан үг хайрлаач?

Хүн өөрийн гэсэн бодолтой, зорилготой, өдөр тутам өөрийгөө хөгжүүлэхийн тулд сурч мэдэж байх ёстой гэж боддог. Өнөөдрийн залуучууд бидний үеийнхээс илүү бүх зүйл нээлттэй болчихсон ийм цаг үед амьдарч байна. Тиймээс бүх хүнд боломж бий. Өөрийгөө дайчлах л хэрэгтэй.

-      Таны ажил амьдралдаа мөрддөг зарчим?

Аль болох шударга байхыг эрхэмлэдэг. Хүнийг дутуу ойлгочихгүйюмсан, хийж бүтээж байгааг нь сайшаачих юмсан л гэж боддог доо. Миний зан гэхүү хобби гэхүү, хүнд юм өгч баярлаж байгааг нь харж кайф авах дуртай.

-      Та хэр баян хүн бэ?

Маш баян хүн гэж боддог. Сэтгэлээрээ хэзээд баян байдаг. Надад ийм тийм юм дутуу гэж хэзээ ч бодож байгаагүй. Байгаадаа л сэтгэл хангалуун амьдардаг. Зөнгөөрөө л миний ажил үйлс бүтээд байна уу даа, өөрийгөө зөв алхаж байна даа гэж боддог. Унтья гэвэл гэр орон, уная гэвэл машин тэрэг, өвдсөн бол хэрэглэчих тав арван төгрөг байна. Өөр миний амьдралд юу хэрэгтэй гэж. Би нэг их хөрөнгө хураая гэж боддоггүй. Хүнд даах ачаа, даахгүй ачаа гэж бий л дээ.

-      Бидний урилгыг хүлээн авч сэтгүүлийн маань хойморт уригдан халуун дулаан яриа өрнүүлсэн танд гялайлаа. Таны ажил амьдралд сайхан бүхний дээдийг хүсье?

Баярлалаа. Хүн өтлөхөөр нутгаа, тураг өтлөхөөр уулаа гэдэг шиг хэдий ажил амьдралын хувь заяагаар Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа ч гэлээ Хан Хэнтий нутаг минь, нутгийн зон олон минь үргэлж сэтгэлд уяатай явдаг. Миний Хан Хэнтий бахархах түүх ихтэй, баялаг сайхан нутаг. Энэ сайхан нутгаа хөгжүүлэхийн тулд бид хамтдаа зүтгэх ёстой. Нутаг орон маань хөгжиж байж улс орон хөгжинө. Тиймээс Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье гэж уриалах байна. Өсч төрсөн өлгий нутгийн ахан дүүстээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан Сэтгүүлч Д.Одонтунгалаг

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна