Шинэ жилийн баяраар архины хэрэглээгээ багасгахыг уриаллаа

2014-12-03 16:20:15 | 2336 | 0


Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Аюул дагуулсан 12 дугаар сар” сэдвээр мэдээлэл хийлээ.

Аюул дагуулсан сар гэсний учир нь шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэхгүй, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулсан юм.

Учир нь баяр хавтгайрч архидан согтуурснаар осгож нас барах явдал энэ сард ихэсдэг ажээ.

 

Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар нйислэлд зам тээврийн нийт 3697 осол гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас зургаан хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна.

 

Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол енгөрөгч арванхоёр сарын байдлаар 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.

 

-ӨНГӨРСӨН ОНД ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙ ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ

 

Өнгөрөгч онд шинэ жилийн баяраараа байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй шинэ жилийн баярын үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарсан билээ.

 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулах,   эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байгааг сануулсан юм.

 

Тухайлбал,  ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сзргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Та бүхний гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж авах ёстой зэрэг санамжийг өглөө.

 

                                                

                                                                           

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна