2014 Фүкүшимагаас ирсэн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Фүкүшимагаас ирсэн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг

2017-03-13 15:04:37 | 1385 | 0


Японы Фүкүшима атомын цахилгаан станцад осол гарснаас хойш зургаан жил өнгөрчээ. Осол гарсны дараа хэдэн арван мянган иргэдийг тус бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн ба станцын орчим цацраг идэвхт бодисын бохирдол их байгаагаас ихэнх нь өөр хотуудад ажиллаж амьдарч байна.

Фүкүшимагийн ослын дараа нийслэл Токиод гэр бүлээрээ ирж суурьшсан охины хувьд өнгөрсөн зургаан жилийн турш үеийнхнийхээ доог тохуу болсоор иржээ. Толгой нь байнга өвдөж, улам бүр тураад байгаа түүний хувьд хичээлээ тасалж, сургуулиа байн байн солих явдал ихэссэн гэж түүний ээж Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Хөвгүүд түүн рүү чичилж, “Цацраг идэвхт туяа! Буудаарай!” хэмээн орилон араас нь даган гүйнэ. Охины ээж, “Түүний хувьд цацраг идэвхт гэж дуудуулах нь маш хэцүү байдаг.” хэмээн ярьсан байна.

Фүкүшимагийн ослоос хойш Японы хэвлэл мэдээллийнхний “цөмийн доромжлол” гэж нэрлээд буй тохиолдол олноор бүртгэгджээ. Энэ нь Дэлхийн 2-р дайны цөмийн бөмбөгдөлтөөс амьд гарсан иргэдийг нийгэмд гадуурхаж байсантай адил зүйл хэмээн тайлбарлаж байна.

Япон улс нийгэмд оршин байх бүх төрлийн доромжлолтой олон жилийн турш тэмцэж ирсэн ба Фүкүшимагийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал нь ноцтой асуудал юм. Өнгөрсөн сард Японы засгийн газар Фүкүшимагийн ослын улмаас төрсөн гэрээ орхисон хүүхдүүдийг хамгаалах тал дээр онцгой анхаарал тавихыг шаардсан байна. Үүнд сургуулийн удирдлагууд эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, багш нарыг тухайн осол бие эрхтэн, сэтгэл зүйн хувьд ямар нөлөө үзүүлдгийг сайн ойлгох, үүнээс гадна тэднээр ямар нэг байдлаар доог тохуу хийж, доромжлох явдал гарч байгаа үгүйг ажиглах үүрэг даалгавар өгсөн байна.

Асахи сониноос явуулсан судалгаагаар Фүкүшимагаас явсан иргэдийн гуравны нэг нь нийгэмд ямар нэг байдлаар ялгаварлал, гадуурхалтай тулгарч  байсан эсвэл тийм зүйл тохиолдож байсан нэгнийг мэднэ гэж хариулсан байна.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол болох үеэр найман настай байсан нэгэн хүү олон жилийн турш хүүхдүүдийн доог тохуу болсоор иржээ. Түүний гэр бүлийн нүүж очсон Йокохама хотын сургуулийн хүүхдүүд түүнийг “Нян бактер” хэмээн нэрлэж, зодож цохидог байж. Хүүхдүүд түүнийг гэр бүлийнхээ улсаас авдаг тэтгэмжээсээ тодорхой хувь өгөхийг хүртэл шаардаж байжээ.

14 нас хүрсэн хүү олон нийтэд өөрийгөө илчлэхийг хүсээгүй юм. Түүний гэр бүлийн өмгөөлөгчийн хэлснээр хүү зодуулахгүйн тулд тэр хүүхдүүдэд 1.5 сая иен өгсөн байна.

Хүү, “Би үхэх талаар олон удаа бодсон. Тэд надтай яг л нян бактер мэт харьцдаг байсан.” хэмээн бичсэн байна.

2015 онд л гэхэд хүүхдүүд бусдад доромжлуулсан, бусдын доог тохуу болсон 224540 тохиолдол бүртгэгдсэн байна.

Фүкүшимагийн ослын газраас шилжин ирсэн иргэдийн хагасаас илүү хувь  нь нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртдөг хэмээн эдгээр иргэдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Юя Камошита онцолсон байна.

Түүний хэлж байгаагаар сургууль болон боловсролын зөвлөлийн авч буй арга хэмжээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа аж.

Фүкүшимагаас дүрвэн гарсан иргэдийн хувьд 1945 оны Хирошима болон Нагасакигийн цөмийн бөмбөгдөлтөөс амьд гарсан иргэдтэй адил зүйл тохиолдоод байгаа гэнэ. Хүмүүс бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэдийг халдвартай хэмээн эмээж, хүүхдүүд нь гажигтай төрнө гэж үздэг байж.

Фүкүшимагийн АЦС-аас 50 км зайд орших Иваки хотод амьдарч байсан эмэгтэй, “Фүкүшимад байсан хүүхдүүд том болоод хүнтэй сууж чадахгүй ч байж магадгүй, эсвэл суусан ч нөхрүүд нь эхнэр нь хүүхэд гаргаж чадах эсэхэд эргэлзэх болно. Миний охин үлдсэн амьдралынхаа турш энэ бүгдийг тээж, байнгын түгшүүртэй амьдрах болно.” хэмээн ярьсан байна.

Фүкүшимагийн ослоос аврагдсан иргэдийг эмчилж, иргэдэд цацраг идэвхт туяаны талаар үнэн бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байсан Масахарү Цүбокүрагийн хэлж байгаагаар, “Зарим хүүхдүүд доромжлолын эсрэг зогсож өөрсдийгөө хамгаалж чаддаг. Гэхдээ зарим нь чаддаггүй, тэд улам л дотогшоо шигддэг. Тэд өөртөө итгэх итгэл, сэргэлэн цовоо байдлаа алддаг.” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.reuters.com

www.gogo.mn

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна