“Уулзах цаг” булангийн энэ удаагийн зочноор “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ын дарга Д.Шинэбаяр оролцлоо. 2017 он шувтарч буй энэ цаг үед байгууллага, хамт олныхоо хийж хэрэгжүүлсэн ажлууд, түүний үр дүнгийн талаар ярилцсан юм. Тус хамт олон энэ онд ажил үйлсээрээ 9 дүүрэг, 21 аймагтаа тэргүүн байрт шалгарсан баярт мэдээг уншигч та бүхэндээ дуулгаж буйдаа таатай байна.
-Сайн байна уу. “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ын хамт олон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа 9 дүүрэг, 21 аймгаас шилдгээр тодорсонд баяр хүргэе. Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцлон танилцуулвал?
Сайн байна уу. Юуны өмнө сонин, сайтын тань уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ын хамт олон энэ онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2017 он гарсаар хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцлон танилцуулъя. Манай хамт олон ажилчдынхаа ажиллаж хөдөлмөрлөх аюулгүй байдлыг дэмжих, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө дахин боловсронгуй болгон хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу хамт олон маань дор бүртээ ажлаа хариуцлагатай гүйцэтгэлээ. Энэ жилийн томоохон ажлаас дурдвал Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн "Цолны мялаалга наадам", Аймгийн үндэсний их баяр наадам, “Алтай-Баянхонгор” чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтийн арга хэмжээ болон Нэрт соён гэгээрүүлэгч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан “Алтайн бахархал 2017” баяр наадмуудыг тус тус амжилттай зохион байгууллаа.
"Ногоон-Алтай” мод тарих аянд идэвх санаачилгатай оролцож, Шарга сумын голын эхэнд өргөн хэрэглээний хүнсний ногоо тарьж, ургац арвин аван байгууллагынхаа ажилтан албан хаагчдын хүнсний хэрэгцээг хангалаа. Жолооч нар өөрсдийн санаачилгаар авто машин засварын яамыг бий болгосноор засвар үйлчилгээ хийхэд үр дүнтэй ажил болсон юм. Авто граш болон багаж техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг цаг ямагт ханган ажиллаж, аймаг, нийслэл, сум хөдөө орон нутгаар болон Улаанбаатар хот, бусад аймгуудад үйлчилгээнд явахдаа авто машин бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Засварчин харуул үйлчилгээний ажилчид Нутгийн удирдлагын ордны гадна засвар, орчин тойрныхоо өнгө үзэмжийг сайжруулах, зүлэг мод тарих, засвар үйлчилгээний зэрэг нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
-Баруун бүсийн нийтлэг үйлчилгээний салбарынхны сургалт зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулсан. Үүний үр дүнгийн талаар ярилцъя?
Төлөвлөгөөт ажлын хүрээнд Баруун бүсийн нийтлэг үйлчилгээний салбарын чанар үйлчилгээг сайжруулах, ажилчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх 3 өдрийн сургалт, спортын арга хэмжээ 2017 оны 8 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулагдлаа. Тус сургалтад баруун бүсийн 5 аймгийн 60 гаруй ажилтан, үилчилгээний ажилчид хамрагдаж 14 ажилтан мэргэжлийн зэрэг ахиулан шинээр 27 ажилтан үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх гардан авлаа.
-Одоогоор төлөвлөсөн ажлуудын биелэлт хэдэн хувьтай явагдаж байна вэ?
Энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай хэрэгжээд байна. Хамт олныхоо хөдөлмөр зүтгэлийн үр дүнд төлөвлөсөн ажлууд маань цаг тухайдаа хэрэгжиж байгаа. Төлөвлөсөн ажлаа сар сараар нь хамт олонтойгоо дүгнэн хэлэлцдэг нь бидний цаашдын ажлын хэрэгжилтэд үр дүнгээ өгдөг. Жил жилийн 12 дугаар сард шинэ жилийн баярын өнгө нэмж, хүүхэд багачууд хүн бүхний ирэх дуртай төв талбайн чимэглэлийн ажил гээд нэлээн ачаалалтай ажилладаг. Одоогоор 2017 оны ажлын гүцэтгэлийн дүн гарах хараахан болоогүй байна. Тэгэхдээ үлдсэн ажлуудаа бүрэн хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.
-Дээр дурдсанчлан хамт олныхоо хөдөлмөрийг өндрөөр үнэлүүллээ. Ямар шалгуурыг давж энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн бэ?
Манай хамт олон хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд 9 дүүрэг, 21 аймгийнхаа салбарыг тэргүүлж “Алтан гэрэгэ” цом хүртлээ. Хамт олны маань төлөвлөгөөт ажлаа цаг тухайд нь хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн юм. Энэ эрхэм хүндтэй шагналыг хүртэх гол шалгуур болсон хийж хэрэгжүүлж, биеллээ олсон томоохон ажлуудаа дээр хэлсэн учир дахин дурдах шаардлагагүй болов уу.
Мөн ЗДТГ-ын хэлтсүүдийн дунд зохион байгуулагддаг Гар бөмбөгийн тэмцээнд нийт 9 баг оролцсоноос манай хамт олон тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэн болсон.
-Энэ онд бүтээн байгуулалт, тохижилт, засвар үйлчилгээтэй холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэв үү?
Энэ жилийн тухайд эдийн засгийн хүндрэлээс болоод засвар үйлчилгээтэй холбоотой хөрөнгө санхүү хангалттай тавигдаагүй. “Хүнхэр” амралтын газрын засвар үйлчилгээнд Орон нутгийн хөгжлийн сангаас 15 сая төгрөг тусгагдсан. Энэ ажлын хүрээнд амралтын газрын 2 байрыг засварт оруулж өнгө үзэмжийг сайжрууллаа. Мөн аймгийн ЗДТГ-ын 1 дүгээр байрны 6 өрөөний урсгал засвар, харуулын байрыг шинэчлэхэд 18 сая төгрөг зарцуулаад байна.
-“Хүнхэр” амралтын газрыг энэ жил хэчнээн хүн зорин амрав?
Сүүлийн жилүүдэд ард иргэд маань амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс амарч зугаалдаг болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед манайхыг зорин очих амрагчдын тоо нэмэгдсэн. Жилд дунджаар 700-2000 гаруй хүн ирж амардаг. Энэ нь жил жилийн сургалт, бусад арга хэмжээнээс хамаардаг. 2017 онд 800 гаруй амрагчийг хүлээн авч үйлчиллээ. “Хүнхэр” амралтын газарт очиход зам харгуй хүндрэл бэрхшээлтэй байдаг учир очъё гэсэн хүн бүр очиж чаддаггүй нь харамсалтай. Өнгөрсөн зун манай хамт олон аялал амралтын цаг эхлэхээс өмнө Цэргийн штабтай хамтран өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан засварлах боломжтой замын хэсгийг засч сайжрууллаа.
-Танай хамт олон төрийн алба хаагчдын ажиллах орчны ая тухтай байдлыг хангах чиг үүрэгтэй ба үүнтэй холбоотой бүхий л аж ахуйн ажлуудыг хариуцан ажил үйлчилгээгээ явуулдгаараа онцлогтой. Тийм ч учраас хамт олон тань ЗДТГ-т харьяалагддаг бусад агентлагуудын ажилчдаас ихээхэн ачаалалтай ажилладаг болов уу?
Манай хамт олон орон нутгийн удирдлагын дээд байгууллага болох ЗДТГ, ИТХ-ын харуул, жолооч, цэвэрлэгээ үйлчилгээ мөн ямар нэгэн баяр ёслолын нээлт хаалтын ажиллагааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, “Хүнхэр” зуслангийн ажлуудыг хариуцан ажилладгаараа онцлогтой. Хийж хэрэгжүүлдэг ажлын чиг үүргээс хамаараад бусад агентлаг, хэлтсүүдийн ажилтнаас ихээхэн ачаалалтай ажилладаг. Бидний ажил өглөө 7 цагаас эхэлж, орой хамгийн сүүлд тардаг гэдгээс харахад л ажлын ачаалал хэр байдаг нь ойлгогдох болов уу.
-“Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ынхаа үйл ажиллагааг сайжруулахад ямар бодлого баримтлан ажилладаг вэ?
Ер нь ажилчдадаа мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлье, бүтээлч байдлыг сайжруулъя гэсэн үүднээс хувь хүн талаас нь хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэсэн олон бодитой ажлуудыг төлөвлөсөн. Гэвч аливаа ажлын хэрэгжилт хөрөнгө мөнгөнөөс хамаардаг. Үүнээс болоод төлөвлөсөн ажлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрээд байна. Жишээлбэл: ЗДТГ-ын 1 дүгээр байрны сантехникийг бүрэн шинэчлэх, дээврийн дулаан алдагдалтыг засах байсан хэдий ч хөрөнгө санхүүгүй учир мөн л хойшилсон. Гэхдээ манай хамт олон хөрөнгө мөнгө байхгүй гээд ажлаас хойш суулгүй, чиг үүргийнхээ хүрээнд ажил үүргээ тасралтгүй явуулсаар байна.
-Сүүлийн үед хүний эрх, нийгмийн хариуцлага гэдэг үүднээс албан газар, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг болжээ. Танай байгууллагын хувьд боломж нөхцөл нь хэр байна, уг асуудалд хэрхэн ханддаг вэ?
Ажилчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор тэдний ажлынхаа чөлөө заваар амрах өрөөг тохижууллаа. Энэ жилийн бүтээлч ажлын хүрээнд хийгдсэн хүнсний ногооны ургацаасаа нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид, ахмадууддаа 2,8 тн хүнсний ногоог хуваарилан өглөө. Жил бүрийн ахмадын баяраар “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хэвшсэн. Энэ жил бид тэднийгээ хүлээн авч өөрсдийн хөдөлмөрийн үр шим хүнсний ногооныхоо дээжээс бэлэг барьсан. Үүнээс гадна томоохон баяр ёслолоор тухайлбал, эх үрсийн баяраар үр хүүхдийг нь баярлуулдаг бол сар шинээр сүү цагаан идээ зэргийг тодорхой хэмжээгээр өгч тус дэм болдог.
-Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган мэдээ мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Ярилцсан: Э.Нарангэрэл
Сэтгэгдэл үлдээх