Алтан бүргэдийн эзэд тодорлоо

2014-12-26 13:31:01 | 2230 | 0


Орхон аймгийн Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан бүргэд” ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 2014 оны шилдгүүдээ  тодруулахдаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргалыг урьж Орхон аймгийн уран бүтээлчдийн бүтээл хөндлөнгийн үзэгч болон мэргэжлийн хүний нүдэнд хэрхэн тусч байгаагаар нь дүгнэсэн нь онцлог боллоо.

 Энэ онд “Шилдэг хөрөг”, “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг телевиз”, “Шилдэг мэдээллийн хөтөлбөр”, “Шилдэг эвлүүлэг, графикч” гэсэн зургаан номинацийг шалгаруулсан бөгөөд үүнд “ETV”, “ТВ10”, “Тусгал1”, “Эрдэнэт” ТВ, “МВ”, “Сонор”, “MBS”, “Тэнгэр” телевизийн уран бүтээлчид бүтээлээ өрсөлдүүлжээ.

Үүнээс “Шилдэг мэдээллийн хөтөлбөр” номинацид “ETV” телевизийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөр шалгарсан юм. Иргэний мэдэх эрхийн төлөө цаг хугацаатай уралдаж, аливаа мэдээллийг үнэн бодит, шуурхай, мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэдгээрээ тус телевизийн хамт олон “Алтан бүргэд”-ийн эзэд боллоо.

“Шилдэг зураглаач”-аар “ETV” телевизийн зураглаач Э.Баярбат,“Шилдэг сэтгүүлч” номинацид “ТВ10” телевизийн сэтгүүлч Ч.Батцэцэг, “Шилдэг хөрөг” номинацид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэт телевиз” -ийн сэтгүүлч Б.Учрал,“Шилдэг эвлүүлэг, графикч”-аар “Тэнгэр” телевизийн графикч Ц.Мөнхжаргалан тус тус шалгарсан байна. “Шилдэг телевиз”-ээр “MBS” телевиз тодорч мөн 2014 оны “Алтан бүргэд”-ийн эзэн боллоо.

Мөн “Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан”цол тэмдгээр “Тусгал1” телевизийн сэтгүүлч Б.Ууганбаярыг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл шагналаа. Ийнхүү Орхон аймгийн хэвлэл, мэдээллийн салбарынхан 2014 оны ажил, хөдөлмөрөө дүгнэж 2015 онд “Ёс зүйтэй хэвлэл мэдээлэл” гэсэн уриан дор ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна