2014 БАЯНХОНГОР АЙМАГТ АНХНЫ ГАЛЕРЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

БАЯНХОНГОР АЙМАГТ АНХНЫ ГАЛЕРЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-01-19 15:38:15 | 1392 | 0


Аймгийн Түүх, угсаатны зүйн музейд үзэсгэлэнгийн танхим, галерей нээлтээ хийлээ. Баянхонгор урьд өмнө нээгдэж байгаагүй уг танхим нээлтээ хийснээр Баянхонгор аймгийн чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж, худалдаалах боломжтой болж байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх М.Мөнхбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, тус музейн дарга А.Мандах, хүүхдийн Тэмүжин театрын дарга Б.Ганчимэг, Баянхонгор аймгийн Зураач, урчуудын хорооны дарга Г.Цэрэндорж тэргүүтэй урлаг соёлын олон эрхмүүд оролцлоо.

Баянхонгор аймгийн ИТХ-аас энэ оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой нээгдэж буй уг үзэсгэлэнгийн танхим Баянхонгор аймгийн уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан аймаг, орон нутгийн үзэсгэлэнт байгаль, аж байдлыг сурталчилан таниулахад онцгой ач холбогдолтойг албаныхан хэлж байна. Нөгөө талаар чөлөөт уран бүтээлчдийг дэмжих чухал алхам боллоо.

Энэхүү танхимыг бий болгоход аймгийн Түүх, угсаатны зүйн музейн хамт олон, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, соёл урлагийн салбарын хамт олон дэмжиж, хамтран ажиллажээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Ч.Сосорбарам, Г.Цэрэндорж, Ш.Жамбалгаадан, Т.Батжаргал, Д.Батжаргал, А.Хоогой зэрэг үе үеийн уран бүтээлчдийн байгаль, эх нутаг, хөрөг, аж байдал, зан заншилыг илтгэсэн зургын олон урсгалыг харуулсан уран бүтээлүүд дэлгэгджээ. Үзэсгэлэнгийн танхим байнга үйл ажиллагаагаа явуулна. Эндээс бүтээл худалдаж авах боломжтой юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч зун Хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчдийн санаачилгаар Олон Улсын зураачдын хамтарсан баг Баянхонгор аймгийн говийн бүсийн үзэсгэлэнт газраар аялж, уран бүтээл хийсэн байдаг. Тэд 2017 оны 11 дүгээр сард уг аялалын явцад зурсан зургаар ОХУ-ын Эрүү хотноо үзэсгэлэнгээ гаргажээ.  

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна